Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр коронавирусний эсрэг вакцин тариулснаар Монгол Улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт албан ёсоор эхэлсэн.
Тэгвэл дархлаажуулалт эхэлснээс хойш нэг сар орчмын дараах буюу гуравдугаар сарын 21-ний 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 209.278 иргэн коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Энэ нь дархлаажуулалтад хамруулах зорилтот бүлгийн 10 хувь юм.
Монгол Улс 2.015.280 иргэнийг вакцинд хамруулахаар зорьж буй. Зорилтот бүлгийн 10 хувийг дархлаажуулалтын эхний тунд хамруулахад нэг сарын хугацаа зарцуулж байгаагаас үзэхэд цар тахлын эрсдэл буурах хүртэл багагүй хугацаа шаардлагатай байна.
Вакцины эхний тунг хийлгэсэн иргэдэд хоёр дахь тунг тарих процесс мөн л явагдана. Тэгэхээр иргэдэд вакцин хийж гүйцэтгэх хүний нөөц болон бусад шаардлагатай зүйлсийн нөөц, хуваарилалтын асуудал дагаж яригдах ёстой.
Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдсан 209.278 иргэнийг хоёр дахь тунд хамруулахад шинжилгээний цэгүүд, эмч мэргэжилтнүүдээс дахин нэг сарын хугацааны хөдөлмөрийн бүтээмж шаардана гэсэн энгийн тооцоолол энд яригдаж байна.
Нөгөө талаас вакцины эхний тун тариулснаар халдвар авах эрсдэлгүй гэсэн үг биш гэдгийг эмч нар хэлж буй. Гэтэл манай дотоодод коронавирусний халдварын тархалт эрчимжиж, өнгөрсөн долоо хоногт 1015 шинэ тохиолдол бүртгэгдээд байна.
Нэг тохиолдлын ард 3-4 халдвартай хүн байгаа гэсэн мэргэжилтнүүдийн тооцоололд тулгуурлан харахад халдварын тархалтын нөхцөл байдал нэлээд хүндэрчээ.
МУИС-ийн эрдэмтдийн сүүлд хийсэн математик тооцооллоос харахад энэ сарын сүүл рүү коронавирусний өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200 давна гэсэн тооцоолол байна.
Гамшгийн үеийн "Улбар шар" түвшинд вакцинжуулалтыг үргэлжлүүлэх нь вакцинжуулалтын ач холбогдлыг бууруулж, энэ оны есдүгээр сар гэхэд нийт батлагдсан тохиолдол 24 мянгад хүрнэ. Хөл хорионы арга хэмжээг авснаар үүнийг 15 мянга болгон 37 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцооллыг гаргажээ.
Сануулахад, коронавирусний халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос коронавирусний үед хэрэгжүүлэх нөхцөл байдлыг гуравдугаар сарын 15-28-ны хооронд Улбар шар түвшин рүү шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжиж буй. Гэвч халдварын тархалт буурахгүй, өсөж байна. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссыг өнөөдөрт багтаж хуралдах үүрэг, чиглэл өгөөд байна. Тэрбээр "Шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх хэрэгтэй" хэмээн мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )