Улсын онцгой комисс өнөөдөр /2021.03.22/ коронавируст халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцээд, одоо мөрдөж буй "Улбар шар" түвшнийг дөрөвдүгээр сар хүртэл сунгах шийдвэр гаргаад байна.
Хэрэв үүнээс цааш нөхцөл байдал хүндэрвэл хязгаарлалтын арга хэмжээг чангаруулна гэв.
"Хатуу хөл хорио тогтоовол эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ" гэдэг асуултыг хэвлэлийнхэн Сангийн сайд Б.Жавхлангаас асуулаа.
Тэрбээр “Мэдээж, эдийн засагт хүнд нөлөөлнө. Эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах үүднээс арга хэмжээнүүдийг балансжуулж авч явах ёстой. Хатуу хөл хорио гэдэг бол иргэдийнхээ хөдөлгөөнийг хорихоос гадна эдийн засгийнхаа хөлийг хорино гэсэн үг. Аль болох энэ нөхцөл байдалд очихгүй байх ёстой. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд бид бүгдээрээ хамтдаа халдварын тархалтаас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх хэрэгтэй.
Гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгаа. Гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт. Эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гуравдугаар сарын 3-ны өдрөөс Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1177 иргэнд Ипотекийн зээл олгосон байна" гэсэг мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )