Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.23/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн хоногт нийт 12326 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 206 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Сүүлийн 24 цагт 152 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 3758 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд халдвар авсан дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр тус суманд бүртгэгдсэн халдварын зургаан тохиолдол бүгд эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг ажлаа амжилттай хийж, Улаанбаатар хот руу хөдөлсөн байна. Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн 206 тохиолдлын 204 нь дотоодод халдвар авсан. Нийт дотоодын халдварын тоо 4856 болж байна. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 206 тохиолдлын 191 нь Улаанбаатар хотод, Дархан-Уул аймагт долоо, Төв аймагт гурав, Увс аймагт хоёр, Хөвсгөл аймагт нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ. Хоёр эрүүл мэндийн ажилтан халдвар авсан нь тогтоогдлоо" гэсэн мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, БГД-ийн Нэгдсэн эмнэлэг, Төв, Хөвсгөл, Увс, Дархан-Уул аймагт нийт 1419 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 1218 хүний биеийн байдал хөнгөн, 183 хүн хүндэвтэр, 14 хүн хүнд, дөрвөн хүн нэн хүнд байдалтай байна.