Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид Хужирт" сувилал халдварын голомт болсонтой холбогдуулан судалгаа гаргахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёр иргэн 2021 оны гуравдугаар сарын 14-21-ний өдрүүдэд тус сувилалд амарсан байна.
Дээрх хоёр иргэнээс 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 20:00 цагийн үeд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний хариу эeрэг гарлаа.
Иймд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, 26 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан ба 16 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөөдөр (2021.03.23) ХӨСҮТ-рүү тээвэрлэлээ. PCR шинжилгээний хариу гартал Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо гэж Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаагийн өнөөдөр өглөө мэдээлснээр гуравдугаар сарын 1-нээс коронавируст халдварын сүүлийн давалгаа эхэлсэн ба Завхан, Архангай, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Өвөрхангай, Увс аймагт энэ давалгаа хүрч, өвчлөл бүртгэгджээ.
Энэ долоо орон нутагт бүртгэгдсэн өвчлөл өмнөх бүртгэгдсэн тохиолдлуудтай нийлээд нийтдээ 382 хүрсэн байна.
Өвөрхангай аймгийн Хужирт суман дахь "Сэмжид Хужирт" амралтын газарт шинэ голомт илэрснийг тэрбээр цохон анхааруулаад, тус амралтын газарт амарч байсан иргэд Дархан-Уул, Завхан, Увс, Өвөрхангай зэрэг 12 аймаг руу тарж явсан тул тэдгээр иргэдийг тусгаарлах, шинжилгээ авах, хавьтлуудыг тогтоох ажлыг зохион байгуулж байгаа гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Мундаг сум вэ