Дарханаас Сэлэнгэд очсон ХОЁР ИРГЭНЭЭС халдвар илэрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймагт очсон иргэдээс коронавирусний халдвар илэрчээ. 

Дархан-Уул аймгийн харьяат С, И, А нар энэ сарын 20-ны өдөр "Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн" сурталчлах зорилгоор Сэлэнгэ аймагт ирсэн ба Сүхбаатар сумын 3-р багт иргэн О-гийн гэрт гуравдугаар сарын 20-22-ны өдрийн хооронд гурав хоногийн хугацаанд байрлажээ. 

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр С, И нар нь Дархан-Уул аймгаас өөрсдийн машинаар авахуулж, Дулаанхааны постон дээр хүлээж авахаар очиход нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу эерэг гарсан ба удалгүй PCR шинжилгээ хийхэд хариу батлагджээ. 

Одоогийн байдлаар "Сэлэнгэ" зочид буудалд байрлаж буй иргэн А-гаас шинжилгээ авч, дээрх иргэдийг Дархан-Уул аймагт хүргэх талаар Дарханы Онцгой комисстой зөвшилцөж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Дээрх гурван иргэн Сүхбаатар суманд зорчих хугацаандаа "Залуус" ресторан, бэйкэри зэрэг олон нийтийн болон үйлчилгээний газруудаар зорчсон маршрут өгүүлэмжтэй байгаа тул Сэлэнгэ аймаг дахь хавьтлыг тогтоох, тусгаарлаж, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.

Сэлэнгэ аймгийн тухайд өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн өвчлөл бүртгэгдсэн орон нутгаас ирэх иргэдийн хөдөлгөөнииг 72 цагийн хугацаатай хааж, аймаг дотроо буюу сум хооронд Сумын онцгой комиссын нэвтрэх бичиг, асуумжаар зорчуулахаар зохицуулалт хийгээд байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.122) 2021 оны 03 сарын 24

Amway сүлжээнийхэн энд тэнд олон хүн цуглуулаад хоол хийгээд бүтээгдэхүүнээ сурталчилаад яваад байгаа шүү дээ. Бас фитнес, иог, бүжгийнхнийг анхаарч үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй.Мөн машины архидалтыг хянахгүй бол өвчлөл буурахгүй шүү( хөгшин залуу эр эмгүй гадуурх машины зогсоол дээр архидаж байна, хогоо хаяж байна)

0  |  0
Top