Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймагт очсон иргэдээс коронавирусний халдвар илэрсэн талаар өчигдөр (2021.03.23) мэдээлсэн билээ.
Дархан-Уул аймгийн харьяат С, И, А нар энэ сарын 20-ны өдөр "Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн" сурталчлах зорилгоор Сэлэнгэ аймагт ирсэн ба Сүхбаатар сумын 3-р багт иргэн О-гийн гэрт гуравдугаар сарын 20-22-ны өдрийн хооронд гурав хоногийн хугацаанд байрлажээ. Ингээд өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр С, И нар нь Дархан-Уул аймгаас өөрсдийн машинаар авахуулж, Дулаанхааны постон дээр хүлээж авахаар очиход нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу эерэг гарсан ба удалгүй PCR шинжилгээ хийхэд хариу батлагдсан юм.
Одоогийн байдлаар тэдэнтэй хамт явсан иргэн А-г "Сэлэнгэ" зочид буудалд тусгаарласан ба шинжилгээ авч, дээрх иргэдийг Дархан-Уул аймагт хүргэх талаар Дарханы Онцгой комисстой тохиролцжээ.
Дээрх гурван иргэн Сүхбаатар суманд зорчих хугацаандаа "Залуус" ресторан, бэйкэри зэрэг олон нийтийн болон үйлчилгээний газруудаар зорчсон маршрут өгүүлэмжтэй байгаа тул Сэлэнгэ аймаг дахь хавьтлыг тогтоох, тусгаарлаж, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.
Сэлэнгэ аймгийн тухайд өчигдөр 06:00 цагаас эхлэн өвчлөл бүртгэгдсэн орон нутгаас ирэх иргэдийн хөдөлгөөнииг 72 цагийн хугацаатай хааж, аймаг дотроо буюу сум хооронд Сумын онцгой комиссын нэвтрэх бичиг, асуумжаар зорчуулахаар зохицуулалт хийгээд байгаа. Түүнчлэн аймгийн төвд буюу Сүхбаатар суманд шатахуун түгээх станц, эмийн сан, хүнсний дэлгүүрээс бусад үйл ажиллагааг хориглох шийдвэр гарсан байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын мэдээлснээр энэ удаагийн хоёр тохиолдлын ойрын хавьтагчид олон байгаа аж.