Монгол Улсын төсвийн үзүүлэлт оны эхний хоёр сарын байдлаар эерэг, гадаад зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өсөлттэй байгаа. Гэвч ковидын эрсдэлийн улмаас нүүрс, зэсийн баяжмал зэрэг түүхий эдүүдийн экспорт тодорхой хугацаанд буурах нөхцөл байдал үүсээд байна.
Учир нь Оюутолгой төслийн уурхайд коронавирусний хоёр тохиолдол батлагдсантай холбоотойгоор нүүрс болон баяжмалын тээвэрлэлт буурахад хүржээ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон Гашуунсухайт боомт дээр үүсээд байгаа асуудлаар БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтэй холбогдож, нөхцөл байдлын талаар ярилцсан аж.
Хятадын тал Оюутолгойд бүртгэгдсэн тохиолдолтой холбоотойгоор нүүрс болон баяжмал тээвэрлэлтийн машины тоог бууруулсан. Цаашид Оюутолгой болон бусад уурхайнуудад гарч болох эрсдэл, Монголын талаас халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд үндэслэн нүүрс болон баяжмал тээвэрлэлтийг хэвийн байдалд оруулах асуудлыг Баяннуур аймгийн удирдлагууд шийдвэрлэнэ гэж Элчин сайд Цай Вэньруй мэдэгджээ.
"Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес баяжмалын тээврийг эхлүүлэх асуудлаар Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж, тэдний зүгээс тавьсан шаардлага, болзлын дагуу ажиллаж байгаа гэсэн мэдээллийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонтой хийсэн уулзалтынхаа үеэр өглөө.
Оюутолгой төслийн уурхайд коронавирусний хоёр тохиолдол гарсантай холбоотойгоор гүний уурхайн 3500 гаруй ажилтныг тусгаарлан, ойрын хавьтлуудыг тогтоох, уурхайн нийт ажилчдад шинжилгээ хийн, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, баяжмал тээвэрлэгч 200 гаруй тээврийн жолооч нарыг вакцинжуулалтад хамруулан, хамгаалалтын хэрэгслээр ханган ажиллаж байна гэсэн мэдээллийг Гүйцэтгэх захирал Армандо Торрес мөн өгөв.
Тус компани Улаанбаатар, Даланзадгад, Манлай, Баян-Овоо, Ханбогд зэрэг таван газарт PCR шинжилгээний төв байгуулж, уурхайн ажилчдын ээлжийг 7/14 байсныг 14/28 болгон өөрчилжээ.
Гаалийн статистик мэдээллээс харахад, Оны эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2256.8 сая ам.доллар болж, 2020 оны мөн үеэс 736.1 сая ам.доллар буюу 48.4 хувиар өссөн. Экспортын дүн импортын дүнгээс 412.3 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан. Экспортод 1334.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73.2 хувиар өссөн байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 1178.9 сая ам.доллар буюу 88.3 хувийг эзэлж байгаа юм. Оны эхний хоёр сард экспортолсон зэсийн баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 92.8 хувийг БНХАУ-д нийлүүлсэн.
Энэ бүхнээс үзэхэд, гадаад орлогын гол эх үүсвэр болсон түүхий эдүүдийн үндсэн зах зээл болох өмнөд хөрш бидний эрсдэлт байдлыг хэдий хугацаанд хянан үзэж, шийдвэрлэх вэ гэдэг нь анхаарал татсан асуудал боллоо.
Сэтгэгдэл ( 3 )
23-24 оны дампууралдаа одооноос бүх нийтээрээ бэлтгэ.
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!
Budaa bolloo