Коронавируст халдварын 285 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 03 сарын 25

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 25-ны 09:00 цагийн байдлаар хүргэж байна. 

/2021.03.25, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 13456 шинжилгээ хийгдэж, 285 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо.

Харин сүүлийн 24 цагт 97 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 4044 болж байна.

Шинээр бүртгэгдсэн 285 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүнээс Улаанбаатар хотод 267 бүргэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 4917 боллоо.

Аймаг орон нутагт 18 шинэ тохиолдол буюу Завхан аймагт 1, Баянхонгор аймагт 1, Дорноговьд 2, Орхон аймаг 3, Төв 2, Дархан-Уул аймагт 7, Архангай аймагт 2 тохиолдол батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2", СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, БГД-ийн Нэгдсэн эмнэлэг, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудад 1391 хүн эмчлэгдэж байгаагаас 1169 хүний биеийн байдал хөнгөн, 195 хүний биеийн байдал хүндэвтэр, 21 хүний биеийн байдал хүнд, зурагаан хүний биеийн байдал нэн хүнд байна.

Улаанбаатар хот бүхэлдээ голомт болж, халдвар хүн амын дунд өргөн тархсан байгаа. Тиймээс бид аль нэг хороо, байр, гудамжийг халдварын голомт эрсдэлтэй гэж зарлахгүй байгаа. Хэрвээ зарлавал бусад газруудад байгаа хүмүүст хуурамч аюулгүй үүсгэж, тухайн хүмүүс нь халдвар хамгааллын дэглэмээ сулруулах эрсдэлтэй учраас үүнийг зарлахгүй байгаа юм. Тэгэхээр та бүхэн Улаанбаатар хотод амьдарч байгаа бол хаанаас ч халдвар авах маш өндөр эрсдэлтэй гэдгээ ухамсарлан ойлгоорой. Мөн Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархаж байгаатай холбоотойгоор аймгууд маань өөрсдийнхөө зүгээс авч хэрэгжүүлж болох арга хэмжээг маш сайн авах хэрэгтэй байна.

Хэдийгээр хөдөө орон нутаг руу явж буй хүмүүсийг шинжилгээ хийлгээд сөрөг байвал 72 цагийн дотор хүчинтэй гэж байгаа ч энэхүү сөрөг байгаа хариу нь тухайн халдваргүй гэдгийг илэрхийлэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Энэ шинжилгээний хариу сөрөг байхыг шаардаж байгаа гол шалтгаан нь та бүхэн аймар орон нутаг руу явах үедээ хамт зорчиж байгаа хүндээ халдвар тараахгүй байх нөхцөлийг үүсгэх байгаа болохоос тухайн хүн нь халдваргүй гэсэн үг биш. Тиймээс аймаг орон нутгийн Онцгой комисс Улаанбаатараас зорчин ирж буй иргэдээ 14 хоног гэрийн хяналтад байлгаж, тэдгээрийн хяналтыг сайн тавих нь аймаг орон нутагтаа халдвар тархахгүй байх нөхцөл юм" гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top