Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол болох 600 гаруй, ойрын хавьтал 2900 гаруй хүн гэрийн тусгаарлалтад өрхийн эмч нарын хяналт, ажиглалтад байна гэсэн мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өгч байна.
Тэрбээр “АШУҮИС-ийн хоёрдугаар дамжааны 733 резидэнт эмч нийслэлийн төвийн дүүргүүдийн 140 гаруй ӨЭМТ-д ажиллаж байгаа. ӨЭМТ-ийн эмч нар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэд хэдэн чиглэлээр үзүүлж байна. Тухайлбал, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдтэй өдөрт хоёр удаа цахимаар холбогдон, эрүүл мэндийн байдал, биеийн халуун болон биед гарч байгаа өөрчлөлтийг асууна. Мөн архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй, ахмад настан зэрэг иргэдийг ӨЭМТ-ийн эмчийн шийдвэрээр гэрийн өдрийн эмчилгээнд хамруулахаар болсон. Эрүүл мэндийн сайдын тушаал, ЭМДЕГ-ын шийдвэрийн дагуу энэ эмчилгээ үйлчилгээний асуудал зохицуулагдана.
Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах үүднээс явуулын лаборатори ажиллуулж байгаа. ЭХО, зүрхний бичлэг, рентген оношилгоо, лабораторийн шинжилгээ хийх явуулын багийг өрхийн эмчийн товлолт захиалгын дагуу тухайн иргэний гэрт очиж, тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Хаврын улиралд дархлаа муудсан улс салхинд зохиулаад ханиад томуу тусцан улсуудыг ковидын тоонд чихиж оруулаад бгаа юм биш биз дээ