Хөрш зэргэлдээ аймгуудад Ковид-19 халдвар батлагдсантай холбогдуулан Булган аймгийн Засаг даргын захирамж гаргалаа.
Захирамжаар,
1. Булган аймгийн нутаг дэвсгэрт халдварын голомт бүхий аймаг, орон нутгаас ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлах.
2. Аймаг доторх сум хоорондын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх, шаардлагатай газар оронд хяналтын цэгийг нэмэлтээр байгуулах, үйл ажиллагааг эрчимжүүлж, халдварын голомтод бүс нутгаас ирэх Булган аймагт оршин суух байнгын харъяалалтай иргэдээс коронавируст халдварын PCR шинжилгээний 72 цагийн хүчинтэй хугацааг үндэслэн нэвтрүүлж, хяналт тавьж ажиллах.
3. Олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, шашин, урлаг, үзвэр (Сүм хийд, мөргөлийн газрууд, биллиард)-ийн үйл ажиллагааг 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглох, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, бүх төрлийн нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ (Ресторан, зоогийн газар, кафе, цайны газар)-ний цагийн хязгаарыг 09:00 цагаас 19:00 цагийн хооронд тус тус тогтоож, хяналт тавьж ажиллах.
4. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхээс сэргийлж, тасралтгүй хангах арга хэмжээ авч, холбогдох төлөвлөгөөнд тодотгол хийж, хэрэгжүүлж ажиллах.
5. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажилтан, албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.
6. Захирамжийн заалтуудыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллах.
7. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтан нарт даалгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )