Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.26/ мэдээллийн үеэр сэтгүүлчдээс ирсэн вакцинжуулалттай холбоотой асуултад ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албан дарга О.Дашпагма хариулт өглөө.
-Вакцин хийлгэсэн хүмүүс жирэмслэлтээс хамгаалахаас өөр, эрүүл мэндийн шалтгааны улмаас дааврын эм ууж болох уу? Ямар нэгэн сөрөг нөлөө бий юу. Эсвэл хоёр дахь тунг хийтэл дааврын төрлийн эм ууж болохгүй юу. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгнө үү?
-Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгийг зохион байгуулж байна. Эмчийн үзлэгт тухайн хүний биеийн байдал, тухайн хүнд ямар нэгэн архаг суурь өвчин болоод харшлын суурь байна уу, ямар нэгэн ууж хэрэглэж байгаа эм байна уу гэдгийг асууж, тодруулж байж вакцинд хамруулах заалтыг эмч шийдэж байгаа. Тиймээс эмчтэйгээ маш сайн зөвлөлдөж, ууж байгаа эм, өөрийн биед илэрч байгаа шинж тэмдгүүдээ үзлэгийн эчдээ маш тодорхой хэлж байх шаардлагатай. Үүний үндсэн дээр та вакцинд хамрагдах, эсвэл түр хугацаагаар хойшлуулах, эсвэл вакцинаас татгалзах буюу вакцин хийлгэхгүй байх заалтуудад багтах хэрэгтэй. Магадгүй та аливаа хууч өвчин, ууж хэрэглэж байгаа эмийг нууснаасаа болоод вакцины дараах хариу урвал буюу богино хугацааны анафилаксийн шок илрэх аюултай байдаг учраас эдгээрийг эмчтэйгээ зөвлөлдөж шийдэх шаардлагатай.
-Хятад улс руу тээвэрт явж байгаа жолооч нар заавал Хятадын вакциныг хийлгэсэн байх шаардлагатай юу?
-Монгол Улс үндсэндээ гурван төрлийн вакциныг дархлаажуулалтад ашиглалаа. Pfizer вакциныг хүлээж авснаар үндсэндээ дөрвөн төрлийн вакциныг хийж байна. Одоогийн байдлаар нөөцөд байгаа вакцинаараа бид зорилтод бүлгийн хүн амаа вакцинжуулах ажлыг зохион байгуулж байгаа. Бид БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцинаар зорилтод бүлгийн хүн амыг вакцинжуулж байна.
-Вакцины эхний тунг хийлгэсэн хүн дараагийн тунгаа өөр вакцинаар сольж хийлгэж болох уу?
-Хоёр өөр технологи дээр үйлдвэрлэгдсэн вакциныг сольж хэрэглэхийг одоохондоо зөвлөхгүй байгаа. Гэсэн ч үүнийг дэлхий дахинд судлаад явж байна. Цаашдаа магадгүй коронавируст халдварын эсрэг өөр өөр технологи дээр бүтгээдсэн вакциныг хэрэглэхийг судлаад явж байгаа учраас одоо байгаа судалгааны үндэслэл дээр сольж хэрэглэх боломжгүй. Тэгэхээр ижил технологи дээр үйлдвэрлэгдсэн вакцинаар нэг, хоёрдугаар тунгаа авах нь байна.
-65-аас дээш насныхан коронавируст халдвараар өвчилбөл хүнд тусна гээд байгаа. Гэвч тэд дөнгөж одоо л дахлаажуулалтад хамрагдаж эхэлж байна. Хүнд тусдаг нь тодорхой байхад яагаад сүүлээр вакцинжуулж байна вэ?
-Бид 65-аас дээш насны хүмүүсийг вакцинжуулсан цагаас эхлээд тодорхой хувиар вакцинжуулаад явж байсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ 50-аас дээш насны 91607 хүн вакцинд хамрагдсан. Энэ нь нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 35,7 хувийг эзэлж байна. Одоогоор вакцинжуулах үйл ажиллагаа 50-аас дээш насны бүх хүнийг хамруулах зорилготойгоор хийгдээд явж байна. Тэгэхээр магадгүй энэ насны хүмүүс маань мэдээлэл аваагүй бол харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвүүдтэй холбогдож байгаад дархлаажуулалтын цэгийн байршлыг тодорхойлж, тухайн цэгүүд дээр очиж хийлгэхэд аль ч цэг дээр энэ насны хүмүүсийг харьяалал харгалзахгүй вакцинжуулах ажлыг зохион байгуулж байгаа.