АХБ-ны дэмжлэгээр баруун бүсэд аялал жуулчлалын хоёр төв байгуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 07

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлж, төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хоёр дахь төсөлд 32 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтийг баталлаа.

Төсөл нь Монгол Улсын баруун бүсийн гурван аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Тодруулбал,  нутгийн иргэдийн аялал жуулчлалаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгалийн унаган төрхийг хамгаалах, соёлын өвийн үнэ цэнийг хадгалах, коронавируст цар тахлын дараах сэргэлт, тэсвэртэй байдлыг сайжруулахад төслийн үйл ажиллагаа чиглэнэ. Төслийн үр дүнд 16,296 нутгийн иргэн аялал жуулчлалаас ашиг хүртэх чадвараа сайжруулж, орлогоо нэмэгдүүлнэ гэж тооцжээ.

АХБ-ны Байгаль орчны тэргүүлэх мэргэжилтэн Марк Безайн “Монгол Улсын аялал жуулчлалын салбар жижиг хэдий ч хурдацтай хөгжиж байгаа бөгөөд улс орны эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд аялал жуулчлалын салбарын хөгжил чухал ач холбогдолтой. Энэхүү төслөөр орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нутгийн иргэдийн болон хувийн хэвшлийн чадавхийг бэхжүүлж, жуулчдын гудамж, цогцолборыг байгуулснаар ажлын байр бий болгож, дэлхийн хэмжээнд ач холбогдолтой байгалийн болон соёлын өвийн таван цогцолборт газрын менежментийг сайжруулна” гэлээ.

Монгол Улсад дархан цаазат болон байгалийн цогцолборт газар, мөн соёлын өвийн чухал сүлжээ бий. Байгаль, соёлын өвд суурилсан эко аялал жуулчлал нь нутгийн иргэдэд төдийгүй санхүүжилт дутмаг байдаг байгалийн цогцолборт газруудад хэрэгцээтэй ажлын байр, санхүүгийн эх үүсвэрийг бий болгодог. Гэсэн хэдий ч тухайн газар нутгийг жуулчдын хөл хөдөлгөөнд талхлуулахгүйн тулд аялал жуулчлалын үйл ажиллагааг сайтар төлөвлөх шаардлагатай юм. 2020 онд дэлхий даяар тархсан КОВИД-19 цар тахлын улмаас хилийн хязгаарлалт тогтоож, олон улсын жуулчдын урсгал бараг бүрэн зогссоноор Монгол Улсын аялал жуулчлалын хөгжилд хүндхэн сорилт тулгарч, салбарын хэмжээнд нэг жилд 421 сая гаруй ам.долларын боломжит орлого тасарсан гэх тооцоо гарсан. Монгол орны баруун бүсэд маш цөөн тооны иргэд энэ салбараас орлого олдог бөгөөд аялал жуулчлалыг дэмжих нийтийн байгууламж цөөн байдаг.

Тэгвэл энэхүү төслийн хүрээнд дотоодын аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах, орон нутагт бий болох үр өгөөжийг тогтвортой болгох, шаардлагатай дэд бүтцийг бий болгох, дархан цаазат газарт дэмжлэг үзүүлэх зэрэг олон салбарыг дамнасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ховд, Увс аймгийн төвүүдэд аялал жуулчлалын хоёр гудамж бий болгож, байгалийн цогцолборт газруудын ойролцоо нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны есөн захыг бий болгох бөгөөд ингэхдээ эмэгтэйчүүдийн оролцоонд тусгайлан анхаарна. Нутгийн иргэд болон бичил, жижиг, дунд бизнесүүдэд зориулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд үүнд мэргэжлийн сургалт, бичил зээлийн эргэлтийн сан, залуу бизнес эрхлэгчдийн инкубатор зэрэг орон нутагт суурилсан бүтцийг дэмжинэ.

Монгол орны баруун бүсэд анх удаа аялал жуулчлалын хоёр төвийг төслийн хүрээнд байгуулна. Үүнд, Ховд аймагт чулуун урлал, нүүдэлчдийн соёлын төв, Увс аймагт Увс аялал жуулчлалын цогцолборыг барьж байгуулах юм. Ховд аймаг дахь аялал жуулчлалын төвд чулуун урлалын соёлын өвд зориулсан Монголын анхны дижитал музей байгуулах бөгөөд үүнд дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих цахим платформ багтах юм.

Уг төсөлд Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-гаас хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийг мөн олгож байгаа юм. ЯБЯС нь Япон Улсын Засгийн газраас санхүүждэг бөгөөд Монгол Улсад хэрэгжиж буй ядуурлыг арилгах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслүүдэд зориулж сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд санхүүжилт олгож ирсэн. ЯБЯС-ийн 2 сая ам.долларын санхүүжилтийг байгалийн цогцолборт болон соёлын өв бүхий газарт жуулчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах, ажлын байрыг бий болгох жижиг байгууламжуудыг бий болгоход зарцуулах бөгөөд үүнд хямд өртөгтэй ариун цэврийн байгууламж болон жижиг хэмжээний авто зогсоолуудыг барьж байгуулна. Төслийг 2022 онд эхлүүлж, 2027 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top