Боловсон "хулгайч"-дад БОЛОВСРОЛ ОЛГОЁ

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Монголд хамгийн ашигтай, орлоготой, хурдтай ганц л бизнес байна. Тэр бол АЧИЛТЫН КОМПАНИУД. Магадгүй хамгийн идэвхтэй, хэл амтай ажилчидтай байгууллага ч байж мэдэх юм. Заримдаа тэнд ажилладаг залуусыг түргэний машин баривал, аль эсвэл зам засвар, зам арчилгааны ажил хийвэл "Санаа нийлээд, хурдан шуурхай ажиллах байхдаа" гэж боддогоо ч нуух юун...

.... Манай ажлын хавьд автомашины зогсоол гэгч хамгийн том асуудал. Түүнийгээ дагаад ачилтынхны хамгийн их "орлого" хийдэг газар манай хавь гэж ойлгож болно. Бараг АВТО ШОРОН гэх юм уу...

Үүнийг тээврийн хэрэгсэлтэй хүн бүр мэдэх учраас машиндаа заавал хүн үлдээж ордог “санаатай”. Гэхдээ хаа нэг энэ хавийг мэдэхгүй хөнгөн хуумгай жолоочид ирнэ ээ. Яг ийм нэг жолооч өнгөрсөн зун ажлын үүдэнд авто машинаа орхиод оров оо. Хийх ажилгүй мэт, байнга энэ хавиар эргэлддэг ачилтынхан маань яаж түүнийг зүгээр орхих вэ...

Эсрэг урсгалд явж байгаа хэрнээ эхлээд нэг жижигхэн биетэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй хөвгүүнийг замын голд буулгаад гүйлгэчихэж байгаа юм. Залуу хүн хурдан ч гэж ... Онилсон машинаа олж ирээд, дээгүүр доогуур нь хэд гүйлгэж бичлэг хийгээд, зургийг нь дарсан болоод л угсрах ажилдаа орно доо.

Ачилтынхны ачаалалтай зам дээр эргэх, түгжрэл дундаас гарах зэрэг чадвар нь түргэн гэж чигтэйхэн... Ийнхүү аль эрт ачихад бэлэн болгосон машиныг ачилтынхан авахаар ирэхдээ 2-3 удаа “.... УНА машины эзэн байна уу, яаралтай ирнэ үү, ачлаа шүү” гээд зарлах гэж домоглож орхиод ачаад явчхаж байгаа юм. Тэдний зарлан дууддаг “цагаан хоолой” угаасаа дуу муутай байдаг юм уу. Эсвэл нөхдүүд албаар тэгж үл мэдэгдэм дуу гаргадаг юм уу, мэдэхгүй. Ямартай ч баргын хүний сонсох чадвар дутахаар л юм билээ. Дээхнэ үеийн "Шаар ад... Зуу айл... Хаархорин, ханийн материал..." гээд хашхирдаг байсан микроны кондукторууд маань тэднээс хавь илүү ойлгомжтой байж дээ...

Яг энэ үед автомашины эзэн гараад ирвэл бөөн хэл ам, хэрүүл тэмцэл... Ийм тохиолдол өнгөрөгч амралтын өдөр дахиад л цахим ертөнцийг доргиов. Нахисан бичлэгийн гол дүр болсон харилцааны доголдолтой жолооч залуу өмнө нь ачигчийн дүрээр олонд танигдсан эр. Тэр энэ удаад ангиллаа ахиулж, жолоочийн дүрд тогложээ. Гэвч харилцаагаа засч чадаагүй нь харамсалтай...

 

“Хүүхэд нь өвдөөд буй шалтгааныг хэлж, машинаа ачуулахгүй” хэмээн тэмцэх залуугийн өмнөөс “ачигч” залуу харин ч нэг хорвоогийн хорон муу бүх үгийг урсгах аж. Бүр болоогүй хэд хэдэн удаа салаавч өгөөд амжив. Тэднийг арай хэрүүл заадаг сургалтад хамруулаад байдаг юм биш байгаа. Ер нь ямархуу журмаар, шалгуураар тэднийг сонгож авдаг юм бол...

СУДЛАВ. Ачилтын компанийн ажилчнаа сонгох шалгуур дотоод журмаараа зохицуулагддаг аж. Харин тэдний нийтээр мөрдөх “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах” журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргажээ. Тус журмыг анх 2015 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав баталж, 2019 оны зургаадугаар сарын 7-нд тухайн үеийн салбарын сайд асан Ц.Нямдорж шинэчилсэн байна. Өдгөө энэхүү журам автомашиныг эзэнтэй нь хамт ачихаас гадна боловсон “дээрэм”-ийг өөгшүүлсэн журам болж хувирсан гэхэд хилсдэхгүй болов уу.

Анх батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах” журамд “Цагдаагин алба хаагчийн шийдвэргүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байсан бол 2019 онд батлахдаа энэхүү заалтыг авч хаяад, 
 

  • Зөөж шилжүүлэх ажиллагааг эхлэхийн өмнө анхааруулах зорилгоор гурваас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдэгдэх;
     
  • Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх /ивүүр, татлага, бэхэлгээ хийх/ явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ ирвэл шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгнө. Гэхдээ тээврийн хэрэгслийг ачаад хөдөлгөөн эхэлсэн бол эзэн нь ирсэн ч хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэж өөрчилжээ.

Товчхондоо, иргэний өмч болох автомашиныг ачихад хууль сахиулагчийн шийдвэрт үндэслэхгүй, харин автомашины ачилтын компанийн ажилтны шийдвэрт үндэслэдэг болгон өөрчилсөн гэсэн үг.

Энэ мэт давраасан, өөгшүүлсэн журмыг ачилтын компанийнхан өгөөш болгон ашиглаж, ард түмэнд эр бяраа гарган БААВАРЛАЖ байна.

Гэхдээ гол асуудал нь ХАРИЛЦАА юм. Харилцаанаас, харилцаа үүсдэг жамтай. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө ч гэх нь бий. Хурдан шаламгайгаараа хаана ч гүйцэгдэхгүй ачилтынхны харилцаан дээр яахын аргагүй  “муу дүн” тавихаар байна.

Тэд уг нь ачилтаа эхлүүлэхдээ дүрэм, журам яривал сүртэй байх сан. Гэтэл “Би чиний гэр бүл үү... Чиний хүүхэд өвдөх ямар хамаатай юм. Чи муу лалар яах гэж нэгдүгээр эгнээнд тавьсан юм, хохино” гэх мэтээр шууд л хэрүүл рүү чирээд орохоор нөгөө “Өт хүртэл хатгахаар атирдаг” гэх үг биелэлээ олж байгаа юм. Тэр дундаа гэр бүл, хүүхдийн өвчин зовлон, яаралтай эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг асуудлыг нэвт ойлгож мэдээгүй онгироо, оовиргон зантай залуус л энэ асуудлыг гаргаад байна.

Олон нийтийн дунд яригдаж буй ачилтын компаниудтай холбоотой фактуудын дийлэнх нь 25 хүртэлх насныхантай хамаарна. Залуу хүн ачаалал даах чадвартай байж болно. Гэхдээ сэтгэлгүй байвал хэр хол явах вэ.
 


Өнөө цагт чадвартай ажилтнаас илүү мэдрэмжтэй, сэтгэлтэй ажилтан үнэлэгддэг болсон. Гэтэл манайд, тэр дундаа ачилтынхны дунд эсрэг ойлголт байдаг бололтой юм. Хэн их машин ачсан нь, хэн их машин авчирсан нь сайн ажилчин болдог. Мөнгөний төлөө нүд улайран давхилдахаа “өөрсдийн ажил” хэмээн нэрлэсэн нэг үеийнхэн, нэг салбарынхан бий боллоо. Энэ ажил биш “боловсон дээрэм” юм.

Өвчин хэлж ирдэггүй. Даяаршин буй орчинтой дасан зохицож, өөрчлөгдөн хувирсан олон өвчлөлийн өмнө эцэг, эхчүүд хүчин мөхөсдөж байна. Өнөөдөр тэдний хүүхэд өвдсөн ч, маргааш чиний хүүхэд ч өвдөж болно шүү дээ.

Ийм бодол тэдэнд байдаггүй нь харамсалтай.

 

 

НЭГЭН КЕЙС Дээрх үйл явдалтай холбоотойгоор жүжигчин Д.Ганцэцэг өөрийн цахим хуудсандаа  энэхүү баримтыг дэлгэсэн юм. Тэрбээр 2013 онд бага хүүгээ дагуулан Өргөө амаржихын дэргэдэх “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлэгт очжээ. Тухайн үед зогсоол олдоогүй учраас замын нэгдүгээр эгнээнд, гэхдээ хэний ч хөдөлгөөнд саад болохгүй газар машинаа байршуулаад орж. Хүүгээ 1-р зэргийн дүлийрэлтэй, яаралтай хагалгаанд орох ёстойг дуулсан жүжигчин бүсгүйд бас нэгэн мэдээ ирсэн нь “Машиныг нь ачиж буй” талаар байлаа. Тэрбээр машиныг нь ачихаар завдаж буй ачилтынхан дээр очоод гуйсан боловч үл зөвшөөрсөн учраас хүүгээ аван машиндаа суугаад, ачилтынхнаар “чирүүлэн” түр саатуулах хашааг зорьжээ. Мэдээж тэр хооронд хүн ёсны гуйлт, мөнгө өгөхийг санал болгосон олон л зүйл болж. Гэвч ачилтынхан үл тоож, нялх хүүгээ дагуулсан ядарсан эмэгтэйг чирэн, саатуулах хашааг зорьсон байгаа юм.

Жүжигчин эмэгтэй эцсээ хүртэл тэмцэж, дарга цэргээр нь уйчлал гуйлгаж, бүр “Эмнэлгийн байгууллагын гаднаас авто машин ачихгүй байх” өөрчлөлтийг ачилтын журманд оруулуулж байсан гэнэ. Гэвч Монголын хууль гурав хоногтоо үйлчлээд мартагдаж орхиж.

Мөрдөгддөг байлаа ч “мөнгөнд улайрсан боловсон дээрэмчид” зөрчсөөр ул болгосон байх. Энэ мэт зөрчлүүд тасралтгүй ирдэгтэй холбоотойгоор 2019 онд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Буруутай автомашин байсан ч ачилтын үйл ажиллагааг явуулах жолоочдоо сургалт явуул, соёлтой үйлчил. Гурван удаа зарлан дуудна. Ирээгүй тохиолдолд ач гэдэг үүрэг даалгаврыг удаа дараа өгсөн. Удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг нэр бүхий аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэхгүй алдаа дутагдал гаргаж байна. Үүнтэй хатуу тэмцэнэ. Гэрээгээ цуцална. Бид үйл ажиллагаагаа илүү сайжруулна” хэмээн амлаж байсан ч хоёр жил хэдийн өнгөрсөн байхад байдал хэвэндээ, асуудал ундарсаар л байна...

Асуудал нь буурдаггүй атлаа, ачилт нь амь бөхтэй байгаад байгаагийн учир юу вэ.

Олны дунд ачилтын компанийн цаана хууль, цагдаагийнхан, зарим нэр бүхий гишүүд байдаг гэх яриа бий. Ортой байж мэдэх. Учир нь өчнөөн зөрчил гаргадаг атлаа өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар буй олон ачилтын компани байна. Тэд “Ачигч авто машинуудын нэгдсэн холбоо” гэгчийг байгуулаад нийслэлийг жинхэнэ “базаж” байна. Гэвч тэдний “базалт” хэр үр дүнтэй байна вэ гэдэг нь сонин.

Угтаа 2015 онд тус журмыг батлахдаа Монгол Улсын замын хөдөлгөөнийг зохицуулж, түгжрэлийг бууруулах үндсэн зорилтыг тавьж байв. Гэтэл өнөөдөр түгжрэл буурах нь байтугай “0” зогсолтын хэмжээнд хүрээд байна. Ингэхээр энэ журам бодитой хэрэгжиж, ачилтын компаниуд үр бүтээлтэй ажиллаж чадаж байна уу гэх асуулт урган гарна.

Өөрөөр хэлбэл түгжрэлийг бий болгож, орц гарцыг хааж, нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ хөндлөн хаядаг “түгжил”-үүдийг “шийтгэж” чадаж байгаа болов уу.

Иргэдийн ихэнх нь энэ асуултад “Үгүй” гэж хариулахаас гадна ачилтынхны “Хойд эцэг” шиг занг нь шүүмжилсэн байх юм. Тэд “Ачилтынхан ядарсан иргэдийнхээ жижиг тээврийн хэрэгслийг л ачиж, хураадаг. Гэтэл зөрчил гаргасан том оврын тээврийн хэрэгсэл, жийпийг ачиж явахыг бараг л хараагүй. Ядарсан ард иргэддээ хоноцын сэтгэлээр хандахаа болимоор юм” хэмээн гомдоллоно.

 

ТОО ӨГҮҮЛЬЕ 2020 оны сүүлийн судалгаанаас харахад манай улсад ачилтын үйл ажиллагаа явуулж буй 14 компани байна. Энэ компаниуд 2019 онд нийт 26 мянга гаруй авто машиныг зөөн шилжүүлж байсан бол 2020 онд энэ тоо хоёр дахин өсөж, 60 мянгад хүрчээ. Үүнийгээ тэд бодит үр дүн хэмээн үзсэн байх юм. Энэ мэт тооны нэмэгдэхүүн аливаа ажлын үр дүн болдог нь хэр шударга явдал вэ. Ингэж ачсанаараа үр бүтээлтэй ажилласан гэж дүгнэж байвал, өнөөдөр яагаад түгжрэл буурахгүй байна вэ. Үүнд хариулт авахсан...

ХЭД ГУРВААРАА ШАХЦАЛДАН, АЧИЛТЫН ТӨЛӨӨ УЛАЙРАН ДАЙРДАГ ЗАЛУУСАА БОЛОВСРОЛТОЙ БОЛГОЁ...

ТӨСГӨЛД НЬ. Юм бүхэн хоёр талтай. Дүрэм журмаа биелүүлэлгүй нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьж хөдөлгөөнд саад учруулсан иргэдэд буруу бий. Нөгөөтэйгүүр үйлчилгээ үзүүлж буйгаа ухамсарладаггүй ачилтын компани, түүний ажилчдад ч асуудал байна.

Тиймээс жилийн жилд иргэн, аж ахуйн нэгжийн хооронд үүсдэг энэ үл ойлголцолыг шийдэх журмын өөрчлөлтүүдийг хийх цаг нэгэнт иржээ.
 

  • Нэгдүгээрт, даварсандаа эмнэлгийн хаалга татаагүй ядарсан иргэдийнхээ авто машиныг эрүүл мэндийн байгууллагын гаднаас ачихаа болъё.
     
  • Хоёрдугаарт, соц үеийн цагаан хоолойн мэдэгдлээ орхиж, цахим үндэстний зорилгоо дагаж ачих эсэхээ “мессежээр мэдэгддэг” соёлыг суралцъя.
     
  • Гуравдугаарт, хэд гурваараа шахцалдан, ачилтын төлөө улайран дайрдаг залуусаа боловсролтой болгоё.
     
  • Дөрөвдүгээрт, аж ахуйн нэгжийн ажиллах хүчинд хүн чанартай байх шаардлага тавья.
     
  • Тавдугаарт, ард түмнээ журамладаг шигээ ачилтынхныг ч журамлая.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.83.184) 2022 оны 11 сарын 25

Ачихгүй болчвол яах уу. Бод бод. Төв талбай дээрээ машинаа тавиад явна даа. Замаар нь дүүрэн машин тавина. Гэртээ орцгоогоод унтаад өгнө. 2 машин зөрөх зайгүй болгоно. Бүр явахаа болино. Өөрсдөө мэд\n\n

1  |  0
Үл таалагч(139.5.219.244) 2022 оны 11 сарын 23

Үнэхээр соёлгүй, харьцаа нь онцгүй, зарим нь хаанахын ямар хулигаан ийм ажилд орчихдог бна гэмээр хүйтэн дүр төрхтэй зэвүүн байрын залуус харагдах юм. Ядаж харц, харьцаандаа анхаарч соёлтой байж авах ёстой төлбөрийг хэлээд өгдөг НӨАТ-г нь анхааруулгатай өгчихвөл хэн хэнийх нь ажил хөнгөрөх биз ээ.

0  |  0
111(202.179.24.253) 2022 оны 11 сарын 23

машин ачаад түгжрэл хэдэн хувь буусан бэ,компаний ашиг л хэд дахин өссөн байх ,ачилтын компанийн эзэмшигчид нь цагдаагийнхан л байгаа даа,цагдаагийн зөвшөөрлөөр ачдаг гэсэн байхаа

0  |  0
Зочин(202.131.230.162) 2022 оны 11 сарын 25

Хамгийн боловсон биш хулгайч нар. хүүхэд нь өвчтэй нүдэн дээр нь уйлаад байхад эзнийг нь зодож байгаад ачаад явж байгаа хүмүүс боловсон уу????? энэ компаниудыг бүгдийг нь татан буулгах хэрэгтэй. зүгээр л гэгээн цагаан өдрийн улаан дээрэм.

2  |  0
1(202.21.109.56) 2022 оны 11 сарын 23

heden hogiin hulgaich patsaan bdag humuusiin haraal hurch hanah bhaa heden ovgon tsagdaa toriin heden nohdiin orlogo hiideg bayjuuldag golog nuud

0  |  0
zochin(49.105.82.128) 2022 оны 11 сарын 23

harilthaanii soel deg juram garahgui iim buudleg hun haraaj zuhsen ulsad undur hariuthlaga ajil bga baiguulgad hatuu torguul tavj baigaasai zam tavj bga baiguulga mun ih alda bna tom urgun zam tavj ughud yadag bna ene tom tal nutagtai baij uhej bga yum nariihan hend hereggui shavar zuuraad tam tavsan nertei ter buruu zohion buteesen zam asuudaltai uchraas ardtumen medehgui budalj hoorondoo muudalthaj udriig zam deer amdraliinha altan thagiig ungruuj buhimdaj duusj bna daa

0  |  0
zochin(49.105.82.49) 2022 оны 11 сарын 23

bolovsrol gui gai shu dee thuuhun thuuhun ardtumen baij yund negendee setgelgui harthdaga yum bol heleh muu ug oldohgui yum bidend harilthaani soel gui muu dutah yum ⁉️ thalin avj bga bol uilchelgeenii soel hamgiin ih shaardlagatai uilchlegchee zagnaad haraagaad zogsoj bdag oron delhiid mgloos uur alga daa ⁉️ surguul etheg eh ug huuhded ee yu zaaj surgadag oron be ⁉️ mgl.d yu bna uujad tal nutag bna saihan eh oron bailaa mgl nugat amdarj bga ergen 1hundelj hariuthlaga harilthaanii soeltoi boloosoi ajil d avj bga baiguulga ajil daa thalin tavdag ajil daa undur

0  |  0
Top