ШУА | Бичил биетэн өсгөвөрлөх зориулалттай ферментёр хүлээлгэн өглөө

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 03

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газраас Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрт сонгомол үйлчлэлтэй талст уураг нийлэгжүүлэгч Bacillus thuringiensis бактерийн (оюуны өмчийн патент #10-0005108) нутгийн омог ашиглан гарган авсан “Био-дендро” биобэлдмэлийг үйлдвэрлэж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх зорилгоор ШУА-ийн Биологийн хүрээлэнд 317,867,110 төгрөгийн өртөг бүхий бичил биетэн өсгөвөрлөх зориулалттай 200 л багтаамжтай, ариутгалын BLBIO-CIP-150 системтэй, агааржуулалтын BL-7003, уурын HD-30KW компрессор бүхий өндөр хүчин чадалтай ферментёрийг хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газрын дарга Б.Оюунсанаа, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга, тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Х.Алтанзул, Микробын нийлэгжлийн лабораторийн эрхлэгч, доктор Ц.Рэнцэнханд, Микробиологийн лабораторийн эрхлэгч, доктор Ж.Энх-Амгалан болон бусад судлаачид оролцлоо.  

БОАЖЯ болон Ойн газар нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар ногоон технологид шилжих зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажилд Биологийн хүрээлэнгийн судлаачид олон жилийн судалгаан үр дүнд гарсан инновац шингэсэн бүтээгдэхүүнээр хамтран ажиллах боломжтой болох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top