ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Өнөөдөр 2023.04.20. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 05 цаг 54 минутад мандлаа. 19 цаг 48 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын хар тамхины эсрэг өдөр. Мөн Хятад хэлний өдөр юм.

Энэ өдөр Монголын Ардчилсан хувьсгалт хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч Санжаасүрэнгийн Зориг, Монгол Улсын Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа зэрэг алдартан мэндэлжээ. Дэлхийн оддоос Их Британийн жүжигчин Вероника А.Картрайт, Америкийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Жессика Лэнг, жүжигчин Кармен Электра, модель Миранда Керр, Оросын рэппер Баста, Канадын хоккейч, олимпын аварга Брент Сибрук, Ирландын хөлбөмбөгч, хаалгач Шей Гивен зэрэг алдартны төрсөн өдөр тохиож байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2013 оны энэ өдөр монгол хүн анх удаагаа Хойд туйлд хөл тавьж, уулчин Г.Өсөхбаяр энэ өдөр хойд мөсөн далайг явган туулж, дэлхийн зулай, туйлын 90 градусын цэгт төрийн далбаагаа мандуулжээ.

2015 оны энэ өдөр Монгол банк нацист Германыг ялсны 70 жилийн ойн баярт зориулан дурсгалын мөнгөн зоос гаргав. Зоосон дээр Москвагийн Кремлийн цамхаг, Эх орны дайны одонг дүрсэлж, “70 лет Великой Победы” гэж бичжээ. 2500 ширхэг үйлдвэрлэсэн зоосон мөнгө 25 гр жинтэй, 925 сорьцын мөнгөөр хийгдсэн, 500 төгрөгийн номинальтай байв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр Зөвлөлт Гүржийн нутагт орших Өмнөд Осетийн нутаг автономит эрхтэй болжээ.

1945 оны энэ өдөр Нацистын Германы Лайпциг хотыг АНУ-ын цэргүүд эзлэн авав.

1946 оны энэ өдөр “Үндэстнүүдийн Лиг”-ийг татан буулгаж, Нэгдсэн үндэстний байгууллагыг байгуулжээ.

Өнөөдөр үс засуулвал Эрлэг лугаа учирна.

Эл өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top