Олны орой дээр сууж, ямбын дээдийг баригч манай эрх мэдэлтнүүд ордноо зузаан цементэн хашаатай болгож, түүнийгээ ногоон өнгөөр будуулсан нь шүүмжлэлийн бай болж байна. “Сохор, дүлий төр” гэж бид хэчнээн шүүмжилдэг ч сошиалын шүүмжлэлийг болохоор сүрхий шүүрч авдаг төрийнхөн маань хэрхэхийг таашгүй. Гэхдээ бидэнд нэг дутагдал байна. Чухамдаа хашаагаа ногооноор будсан тухай, тэр нь зохисон эсэх талаар уурсан бухимдаж, үг хэлээ билүүдэцгээжээ.
Угтаа хашаатай байх, эсэх нь, цаашлаад тэр нь мод төмөр байна уу, түүнийгээ цагаанаар будна уу, ногооноор будна уу бидэнд падгүй. Харин төрийн бодлого, шийдвэр зөв шударга, иргэдэд ээлтэй байвал болох. Шүүмжлэгчдийн байр суурийг үзвэл ядах нь ээ, хашааны зардалд ч болсон анхаарал хандуулсангүй. Хэчнээн саяар, эсвэл өчнөөн тэрбумаар хашаагаа тийм болгосон талаар чих тавьсан хүн алга бололтой.
Харин хашаа будлаа гэж хашгирах бус хашаагаа буулга гэж шаардах ёстой юм. Ард түмнээсээ тасарч, хашаа хамгаалалт, шавар цайз барих ямар хэрэгтэй юм бэ гэж бас ч гэж цөөнгүй эрхэм дуугарсан байна лээ. Тэр үнэн. Ер нь бол эрх мэдэлтнүүд маань ингэж байхаар ордноо ногооноор будчихгүй дээ. Хашаагаа ногооноор будах бол жул байна.
Өөрсдийгөө хаан гэж боддог, энэ цагийн Богд гэж эндүүрдэг нөхдүүдэд Монголын сүүлчийн Эзэн хааных шиг сэрүүхэн “Ногоон ордон” хэрэгтэй байх л даа. Тэр хүслээ будгаар шийдэг. Наад талын жишээ гэхэд л, унадаг дугуйн зам байхгүй атлаа ногооноор будчихаар болчихдог биз дээ. Цаашилбал, “Тэрбум мод тарина гэж олон улсын өмнө амласан Ерөнхийлөгч маань ордны ногоон хашааг буулгаад оронд нь битүү ногоон мод суулгуулж, жинхнээсээ амьд ногоон хашаатай болгочихвол, олон улсад нэр хүнд нь суга өсөхөөр юм даа. Өндөр хэмжээний дипломат айлчин, зочид төлөөлөгчид ирээд Монголын Ерөнхийлөгч НҮБ-д амласан амлалтаа хэрэгжүүлээд эхэлж гээд сурталчлаад өгнө. “Төрийн ордны ногоон хашаа” гэдэг сэдэв дээр бод, бод, хэрэлд, хэлэлц, шүүмжил, бүр сайн хувилбар гарах ч юм бил үү, хэн мэдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
saikhan urgamal nogoo zuraad saikhan bolgochihwol boloo shdee, shuugiad bh hereh bhgui