Өгүүллэг: Эх

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 29

Би мэдээ орсон цагаасаа ээждээ дургүй байлаа. Тэр эмгэнд уурлан хорсож хэлсэн үгийг минь сонссон хүмүүс надад “Чи төрүүлсэн эхийгээ яаж ингэж хэлж чадаж байна аа?” гэж мэл гайхдаг байж билээ. Тиймээс би түүний тухай бусдад ярих үгээ цэнэдэг болсон юм. Үнэндээ тэр зөнөг миний ээж мөн ч юм уу, биш ч юм уу хэн мэдлээ. Ийм бодолдоо хөтлөгдөн би тэр миний ээж биш байх боломжтой эсэхийг судалж үзсэн. Даанч надад тийм баримт ерөөсөө олдоогүй бөгөөд хамгийн гол нь би тэр хөгшин шулмаас олон юмыг нь дууриаж төржээ. Нүд, үсний өнгө, нүүрний хэлбэр төрх, биеийн галбир, алхаа гишгээ, дуу хоолой... Ингээд би өөрийгөө түүний төрсөн охин биш байх гэсэн тэнэг бодлоо орхисон юм. Гэлээ ч гэсэн ээждээ дургүйцэх минь багасаагүй бөгөөд харин ч би түүнийг улам бүр үзэн ядах боллоо. Би толинд харах болгондоо өөрийнхөө дургүй хүнтэй төстэй залуу бүсгүйг харж зэвүү минь хүрэвч хаа очиж шал өөр ааш зан, ухаан бодол, санаа сэтгэлтэй төрүүлсэн бурханд талархдаг билээ.

Миний л мэдэхийн надад аав байгаагүй юм. Яаж тэнэгтэж яваад ямар хүнээс намайг олсныг нь би хэзээ ч мэдэхийг хүсэж байсангүй. Надад нэгэн удаа “Бурхны хайрласан хишиг, голын хайртай ганц охин чамайгаа хойт, урдахын гар харуулахгүй гэж би хүнтэй суугаагүй юм” гэж хэлсэн тэр хуурмаг үгийг нь санахаар ой гутаж уур минь улам их буцална. Бага байхад минь өглөө бүхэн намайг цэцэрлэгт өгөөд оройдоо ирж авна. Цэцэрлэгт явахгүй гэхэд минь ээж нь ажил хийхгүй бол чамайгаа яаж тэжээх билээ гэдэгсэн. Юу гэсэн үг вэ? Өөрийнхөө нохой амийг борлуулах гэж ажил хийчихээд намайг тэжээх гэж гэнэ шүү. Тэгэх байсан юм бол яах гэж намайг төрүүлсэн юм бэ?

Сургуульд байхдаа би ангийнхаа охидтой муудалцаж, шарандаа тэднийг жаахан хорлосноос болж тэр авгай багшид дуудагдана. Тэгээд л нүүрээ улайлган гөлөлзөөд намайг худлаа өмөөрөхөд нь миний бах тав ханаж, хохь нь гэж боддог байлаа. Уг нь намайг өлсгөж байгаагүй нь үнэн боловч надад хэрэгтэй юмыг маань арай ядан залгуулж байснаас харин дуртай бүхнийг минь авч өгч, эрх дураар минь өсгөөгүй л юм даг. Миний олон жил ганцаардаж, олон юман дээр санасандаа хүрч чадаагүйд, зовлонгоор дүүрэн энэ новшийн хорвоод төрсөнд минь ганцхан тэр хөгшин л буруутай. Хэдийгээр би түүнийг үнэн сэтгэлээсээ үзэн ядаж хорсдог ч бага балчрын эрхээр, заримдаа түүнээс юм салгахын тулд долигнож, “ээждээ хайртай” энээ тэрээ гэж нялганахаас өөр зам байгаагүй юм.

Ахлах ангид орсон цагаас хойш бараг гучин нас хүртэл оройтох, гадуур хонох тоолонд минь намайг иртэл хөшиг адил үргэлж цонхон дээрээ байдагсан. Тэр нь сайндаа ч биш намайг битгий ирээсэй гэсэндээ. Ер нь тэр надад, бас бусад хүмүүст өөрийгөө сайн ээж болгон харагдуулах гэж ихэд хичээдэг байсан юм. Ямар сайндаа л долдугаар ангид байхдаа анх удаагаа дээд ангийнхантайгаа наргиж гадуур хоносон өвлийн шөнө намайг хайж байгаа нь энэ гээд хацар нүүрээ хөлдөөчихсөн байхав дээ. Тэр намайг бараг арван тав, зургаа хүртэл минь буруу хэрэг тарих болгонд үглэж, сургах санаатай байлаа. Сүүлдээ намайг өөдөөс нь загнахаар юу ч хэлж чадахаа больсон юм. Надад загнуулахаараа сандарч бүлтэлзэхээр нь миний инээд хүрнэ гэж жигтэйхэн. Ялангуяа миний хэнтэй найзлах, хаагуур хонох, архи, тамхи хэрэглэх эсэхийг зааварлах гэвэл би ёстой л бууж гардаг байлаа. Тийм ч учраас сүүлд нь намайг гурван ч нөхөр солиход огт юм хэлж зүрхлээгүй юм. Угаасаа тэр муугаар хэзээ ч, юу ч заалгахыг хүсэхгүй билээ.

Би нэгэн удаа Солонгост очиж ажил хийхээр шийдлээ. Түүнээс хэдэн жилийн өмнө ээж үйлдвэрийн осолд орж групт суух болсон юм. Тэр гэр дотуураа тэргэнцэртэй явж өөрийнхөө хоол ундыг аялуулсан болно. Мэдээж би түүнд яагаад ч туслахгүй шүү дээ. Үнэндээ надад түүнтэй орооцолдоод байх зав ч байгаагүй. Харин Солонгос явахад минь надад мөнгө хэрэгтэй боллоо. Салсан нөхрийн нэг нь мөнгөгүй архичин, нөгөө нь сураг тасарсан, сүүлчийнхээ нөхрийг голд нь ортол гомдоосон, хүүгээ ганц ч болов эргэж очоогүй учраас тэр надад мөнгө хялайлгана гэж байхгүйг би сайн мэдэж байлаа. Цорын ганц боломж бол тахир дутуу, зөнөг эхийнхээ хоёр өрөө байрыг барьцаанд тавих, угаасаа өөр арга байгаагүй юм чинь. Гурав хоног хэртэй би түүнтэй шал өөрөөр харьцаж ёстой л эх охин хоёр шиг байсан байх. Тэгж тэгж би хэлээд тавьчихлаа. Муу санаатай хөгшин гөлөлзөөд дуугарахгүй байна, зэвүүн гэдэг нь. Агсарч нэг үзээд аргадаж нэг үзлээ. Тэр нүдэндээ нулимс цийлэгнүүлж байгаад зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо. Би мэдээд байсан юм аа.

Солонгост очоод нэлээд хэдэн жил ажиллаж овоо ч мөнгөтэй боллоо. Сураг сонсох нээ эмгэн зээлсэн мөнгөнийнхөө хүүг төлж дийлэлгүй байраа алдаад өөрөө хөгшдийг асрах газар руу явжээ. Миний хөх инээд хүрсэн гэж жигтэйхэн. Мэдээж шүү дээ, өөдгүй охин нь түүнд сохор зоос ч явуулаагүй юм чинь. Яалаа гэж хүний нутагт зовж олсон мөнгөө хамгийн дургүй хүндээ явуулахав дээ. Тэрний группын мөнгө нь хоол унд, байрны мөнгө, зээлсэн мөнгөний хүүнд хүрэх ямар ч боломж байхгүй. Би ямар их баярласан гэж санана. Удалгүй эх орондоо ирж олсон мөнгөөрөө наймаа хийхээр шийдлээ. Монголд ирээд байр авч тохижин наймааны ажилдаа ч оров. Хөгшин яаж миний хаягийг олсон юм бэ бүү мэд, эргэж ирээч гэж хоёр ч удаа захиа явуулсан байна лээ. Түүний зөнөг толгойд яахаараа намайг очно гэсэн бодол ордог байна аа. Гэтэл уржигдар түүнийг нас барсан, оршуулах ажилд нь оролцох уу гэх ухаантай захиа ирсэн байна. Үхсэн хойноо ч гэсэн хүнд гай болох юм. Надад үнэндээ зав алга, завтай байсан ч би очихгүй. Харин би түүнийг үхсэнд яагаад баярлахгүй байгаа юм болоо гэж өөрөөсөө асууж сууна.

До.Болдхуяг


Улаанбаатар 2008 он

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top