Монголын төр хариуцлагатай, хяналттай ажиллаж чадахгүй төдийгүй ерөөсөө ажиллаж болохгүй байгааг улс төрчид нь өөрсдөө мэдэхгүй байгаа юм уу эсвэл мэдээд үүнийг хэлэхгүй, цаашлаад өөрчлөхийг хүсэхгүй байна уу гэсэн асуулт одоо тавигдаж байна. Ямар ч хүн ерөнхий сайд болсон, сайд болсон, гишүүн болсон ялгаагүй л хяналтгүй, хариуцлагагүй ажиллах боломжтой тогтолцоо бий болчихоод байгаа нь өнгөрсөн хугацаанд харагдлаа. Үнэхээр үүнийг мэдэхгүй, ойлгохгүй байгаа бол ном уншиж, сургуульд сур гэж л зөвлөмөөр. Хэрэв мэдээд түүнийг хэлэхгүй, өөрчлөхийг хүсэхгүй, зориудаар буруу тайлбарлаад байгаа бол гэмт хэрэг. Хэний эсрэг хийж байгаа гэмт хэрэг вэ гэхээр ард түмнийхээ эсрэг, ирээдүй хойчийнхоо эсрэг хийж буй гэмт хэрэг.
УИХ-ын “хуульч” Х.Тэмүүжин гишүүн “Монголд хүчирхэг Ерөнхий сайд хэрэгтэй байна” нэртэй хэт их “хоосон мэдэмхийрсэн” ярилцлага сонинд өгсөн байсан. Түүний яриаг уншаад ерөөсөө ардчиллыг буруу ойлгочихсон хүн юм болов уу гэсэн л дүгнэлтийг ярианаас нь хийсэн.
Аливаа ардчилсан төр гурван багантай байдаг. Үүнийг манайхан төрийн эрх мэдлийн хуваарилалт гэж нэрлэдэг. Тэрхүү гурван багана нь легаслатив буюу хууль тогтоох, экскутив буюу гүйцэтгэх, юүдикатив буюу шүүх гэж хуваадаг. Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтайгаас үл хамааран энэхүү суурь зарчим дээр тухайн үндэстний төр нь босож ирдэг.
Манай улс 1992 оны Үндсэн Хуулинд төрийн эрх мэдлийг анх удаа хуваарилж “ардчилсан төрийн суурь багана”-уудыг босгохыг оролдсон. Яагаад гэвэл монгол улс ардчилал руу орсон учраас. Гэвч Үндсэн Хуулийг хийгчид алдаа гаргасан. Тэд ардчиллын тухай, улс төрийн тухай мэдлэг, боловсролгүй байсан. Тэдний улс төрийн мэдлэг, боловсролгүй байсан нь юунаас харагддаг вэ гэхээр хийсэн Үндсэн Хууль, тухайн үеийн улс төр, эдийн засгийн шийдвэрүүдээс харагддаг. Ардчилсан хувьсгалыг хийсэн нөхдүүд ч өөрсдөө ардчиллын тухай “а”-гүй хүмүүс байсан. Тэд зөвхөн л социализмыг муулж, МАХН-ыг эсэргүүцэж л байвал “ардчилалгчид” гэж өөрсдийгөө ойлгож байсан нь харагддаг.
Нэгэнт л Улс төрийн онол мэдэхгүй, ардчиллын онолыг судлаагүй, Ш.Монтескьегийн номуудыг уншаагүй хүмүүс Үндсэн Хуулийг хийсэн шүү дээ гэдгийг л бид хүлээн зөвшөөрөх хангалттай хугацаа өнгөрлөө. Тухайн үед гадны “зөвлөгч” нэртэй “мэдэмхийрсэн” луйварчдийн үгийг сонсч, Германы болон бусад ардчиллын уламжлалтай, ардчилал хөгжөөд олон арван жил болсон улсуудын Үндсэн Хуулиудыг хуулан өнөөгийн Үндсэн Хуулийг хийсэн. Өнөөгийн монголын шударга бус, хариуцлагагүй, ёс суртахуунгүй байдал бий болсны шалтгаан нь ерөөсөө Монголын төр, төрийн буруу, алдаатай үйл ажиллагаанаас болсон. Яагаад төрөөс болсон бэ гэхээр төр маань ардчилагдаагүй учраас. Товчоор хэлбэл эдийн засгаа либералчилсан ч, монгол ард түмнээ дээдэлсэн ардчилсан төртэй болж чадаагүй. Яагаад ардчилсан төртэй болж чадаагүй вэ гэвэл “Монгол хүнийг нэгдүгээрт тавьсан” ардчилсан Үндсэн Хуулийг хийж чадаагүй.
Үндсэн Хуулиндаа л УИХ, ЗГ, Шүүхийн талаар нарийн тодорхойлж тэдгээр нь хоорондоо хэрхэн харилцаж байх талаар нарийн зааглаж өгөх ёстой байсан. Үндсэн Хууль бол хууль биш харин Үндсэн Зарчим. Тиймээс л өнөөгийн монголын төрийг хархаар ардчилсан байх ямар ч боломжгүй нь харагддаг. Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглал хоёр нь хоорондоо холилдчихсон. Шүүх засаглалийг жижигрүүлээд “иргэний болон захиргааны хэрэг шүүдэг” маргаан шийдвэрлэдэг газар болгочихсон. Дээр нь ерөнхийлөгч нь суучихсан байгаа нь ерөнхийлөгчөөс л зөвхөн хараат болгочихсон. Юудикатив буюу Шүүх тогтолцоо бол ардчилсан төрийн нэг багана гэдгийг Х.Тэмүүжин гишүүн ойлгоогүй байгаа нь дээрхи ярилцлагаас нь харагдсан. Хэрэв шүүх тогтолцоо үгүй гэвэл ардчилал оршин тогтнож чадахгүй төдийгүй хүний эрх, эрх чөлөө хэзээ ч биелэгдэхгүй. Шүүх тогтолцоо үгүй гэвэл хууль тогтоох эрх мэдэл бүхий УИХ болон гүйцэтгэх эрх мэдэл бүхий Засгийн газар хоёрыг хэн ч хянахгүй бас хариуцлага тооцохгүй гэсэн үг. Онлоороо эдгээр гурван багана тэнцүү эрх мэдэлтэй бөгөөд бие биенээ харилцан хянаж байх ёстойгоор хийгддэг.
Манай Үндсэн Хуулинд ардчилсан төрийн багана болсон Шүүх тогтолцоог Дээд Шүүх ба Үндсэн Хуулийн цэц хэмээн хоёр хуваагаад хүчийг нь саармагжуулчихсан. Үндсэн Хуулийг хийгчид Шүүх засаглал, Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглалууд гүйцэтгэх ажил, үүргээрээ ялгаатай ч эрх мэдэл болон бусад зүйлүүдээрээ яг адилхан гэдгийг ойлгоогүй. Ингэж эдгээр багануудын баланс буюу тэнцвэрийг бий болгож чадаагүйн гайг өнөөдөр хариуцлагагүй төрийн үйлдлээр монголчууд минь амсаж байна. Товчоор хэлбэл УИХ, ЗГ, Дээд Шүүх гурав бол яг тэнцүү байх ёстой. УИХ-ын гишүүн төрийн хамгаалалтанд байж, дархан эрх эдэлдэг бол Дээд Шүүхийн шүүгч нар ч мөн л адил төрийн хамгаалалтанд байж, дархан эрх эдлэх ёстой.
Өнөөдөр Үндсэн Хуулийн цэц, Дээд шүүх хоёр тусдаа байх ёстой юу? Салгаж хүчийг нь хуваах шаардлага байгаа юу ? гэсэн асуултууд урган гарч байна. Үүнийг бид хэлэлцэх ёстой юу? Дээд шүүх нэг шийдвэр гаргадаг, дараа нь Үндсэн Хуулийн цэц өөр шийдвэр гаргадаг байж болохгүй. Тэгээд Үндсэн Хуулийн цэц нь Үндсэн Хуулиа манаж байна гээд ажилгүй суугаад байж болохгүй. Х.Тэмүүжин гишүүний ярилцлагыг уншиж байхад өөрөө хуулийн хүн боловч Дээд шүүхийг жаахан хууль тайлбарладаг, ер нь эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг шүүгээд байж байдаг газар л гэж л хардаг нь ажилглагдсан. Дээд Шүүх монголын ардчилсан төрийн багана төдийгүй монгол улсын бүхий л шүүх эрх мэдлийг эдлэх эрхтэй юм бол Дээд Шүүхийн гаргасан шийдвэрийг УИХ ч, ЗГ ч зөвшөөрөх ёстой.
Яагаад гэвэл онлоороо бол гурвуулаа тэнцүү эрхтэй. Гэтэл манайд Шүүхийг УИХ, ЗГ- тай адил эрх мэдэлтэй гэдгийг Х.Тэмүүжин гишүүн хүлээн зөвшөөрч чадахгүй байна эсвэл ерөөсөө ойлгохгүй, мэдэхгүй байна. Х.Тэмүүжин гишүүн ярилцлагадаа “Парламентыг Засгийн газрын алдаатай үйлдлийг мөр алдалгүй хянаж, шалгаж, хариуцлага тооцдог чадвартай болгох ёстой” гэсэн боловч засгийн газрыг хүчтэй болгоод Хүчирхэг ерөнхий сайдтай болгох хэрэгтэй гэсэн логик зөрчилтэй зүйлүүд ярьснаас нь үзвэл өөрийнх нь толгой эргэчихсэн юм шиг байна. Үнэхээр УИХ нь ЗГ-даа хариуцлага тооцож, хяналт тавьж чаддаг, ЗГ нь УИХ-аасаа хамааралгүй бие даан ажиллах боломжийг бүрдүүлхийг хүсээд байгаа юм бол “Парламентын гишүүн ЗГ-ын гишүүн байж болно” гэсэн заалтыг хүчингүй болгож, УИХ, ЗГ хоёрыг салгах хэрэгтэй. Өнөөгийн Засгийн газрын 15 гишүүний 12 нь УИХ-ын гишүүн байхад УИХ нь ЗГ-таа хариуцлага тооцож чадахгүй төдийгүй, ЗГ-нь УИХ-аас хараат байсаар л байх болно.
Гэтэл гишүүдийн болгоомжлоод байгаа нэг зүйл бол УИХ гишүүн ЗГ-т орж ажиллахгүй бол 1996-2000 оных шиг ЗГ-ыг ойр ойрхон огцруулах болно гэж байгаа. Өнөөгийн засгийн газрыг огцруулах асуудал яагаад урагшлахгүй байна вэ гэхээр 9 гишүүн өргөн бичиг өгөөд л Ерөнхий сайдыг огцруулчихдаг буруу жишэг тогтчихно гэсэн гэнэн гэмээр тайлбар нь тэдний ямарч улс төрийн мэдлэг боловсролгүйг гэрчилнэ.
Одоо л энд Шүүх эрх мэдлийн зайлшгүй шаардлага гарч ирж байна. Яагаад гэвэл ЗГ-ыг хууль зөрчсөн үү, Ерөнхий сайд хууль зөрчсөн үү гэдгийг шалгаад тогтоогоод өгчих хэрэгтэй. Хүчтэй, хараат бус Шүүх үгүй учраас “Үндсэн Хуулинд нийт парламентын гишүүдийн дөрөвний нэгийн санлаар л ЗГ-ыг огцруулах эсэх талаар УИХ дээр хэлэлцэнэ” гэсэн хуулийн заалтыг бариад алдаа гаргасан ЗГ-ыг хамгаалаад байгаа юм. Гэтэл үнэхээр ЗГ-ыг УИХ үзэмжээр огцруулах асуудлыг зогсоох хамгийн шилдэг арга юу вэ гэвэл Дээд Шүүх, Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагуудыг “сэрээж” үнэхээр УИХ, ЗГ-ыг үзэмжээрээ огцруулах гээд байна уу, үнэхээр огцруулах хангалттай үндэслэл байна уу гэдгийг тогтоолгох ёстой. Өөрөөр хэлбэл Монголд одоо хүчтэй шүүх тогтолцоо хэрэгтэй байна. Миний хэрэглэж байгаа хүчтэй гэдэг нь Х.Тэмүүжин гишүүний “хүчирхэг”-ээс ялгаатай. Хүчтэй шүүх тогтолцоо гэдэг нь УИХ, ЗГ-аас хамааралгүй, бие даан ажиллах чадамжтай байх төдийгүй гаргасан шийдвэр нь УИХ, ЗГ-ын тогтоолуудтай адил хүчин төгөлдөр үйлчлэх чадамжтай байх ёстой юм. Гишүүний яриад байгаа “хүчирхэг ерөнхий сайд” бол алдаа гаргасан ч, хулгай хийсэн ч огцордоггүй ерөнхий сайдыг хэлээд байгаа юм шиг байна. Х.Тэмүүжин гишүүний Шүүх засаглалыг юу гэж ойлгодог нь дараах өгүүлбэрээс харагдана “УИХ-ын буюу хууль тогтоогчид нь хуулийг Дээд шүүхээр тайлбарлуулаад сууна гэдэг гутамшиг” гэж сонинд ярьжээ. Харин таны ингэж хэлэх чинь жинхэнэ гутамшиг төдийгүй мэдлэггүй, боловсролгүйг чинь гэрчилж байна. Яагаад гэвэл Үндсэн Хуулиар хууль тайлбарлах эрх нь Дээд Шүүхэд оногдчихсон байгааг мэднэ биздээ. УИХ- гишүүн бүр хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаад эхэлвэл таны хэлдгээр “дүрэмгүй улс төр” болно шүү дээ.
Өнөөдөр Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын маргаан нь бие биенийхээ бүхий л луйвар, муу муухай, идсэн уусныг ил дэлгэж байхад яагаад шүүхийнхэн шалгахгүй байгаагаас л харахад үнэхээр л шүүх УИХ, ЗГ-аас дэндүү хамааралтай болсон нь харагдаж байна. Эдгээр асуудлаас харахад өнөөгийн шүүх мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө хүчгүйдэж, харин жирийн иргэдийг дарангуйлаад байгаа нь ажиглагдаж байна.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь жагсаал цуглаан болж магадгүй тиймээс буу, гал зэвсэг хэрэглэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллагад өгөх ёстой хэмээн ярьж байхад яагаад энэ хүнтэй хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? Энэ чинь монголын ард түмний эсрэг гэмт хэрэг хийх гээд бэлдэж байхад яагаад зүгээр суугаад байна вэ гэдгийг бодох цаг болжээ.
Тиймээс өнөөдөр бид Шүүх Засаглалыг ерөнхийлөгчийн халааснаас гаргаж, УИХ, ЗГ-ын түвшинд дээш татан гаргаж ирэх эрх зүйн зохицуулалтыг хийх хэрэгтэй. Хэрэв эндээс л шүүхийн шинэчлэл эхэлнэ үү гэхээс шүүгчийг шударга ажиллуулаад хэзээ ч шинэчлэл явагдахгүй. Монголд хүчирхэг ерөнхий сайд бус харин хүчтэй, хараат бус Шүүх тогтолцоо хэрэгтэй төдийгүй бүр шаардлагатай байна.
Философийн магистр: Б.Гансүх
Сэтгэгдэл ( 0 )