Далай лам Японоос шууд ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 07

Өнөөдөр Дээрхийн гэгээнтэн ХIV Далай лам манай улсад айлчлан ирэх билээ.  Ингэхдээ тэрээр Япон улсаас шууд манайд ирэх юм байна.  Тодруулбал түүний  Японд хийсэн 10 хоногийн айлчлал өнөөдөр өндөрлөж байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард болсон цунамийн гамшигт өртсөн Сэндай мужид зочилж, буддын Сейва Гакуен сургуульд морилон ном айлджээ.

Далай лам  Данзанжамцын намтар

Далай лам 1935 оны долоодугаар сарын 6-нд Түвдийн зүүн хойд хэсэгт орших Тагцэр хэмээх жижиг тосгонд эгэл тариачны гэр бүлд мэндэлж, хоёр настайд нь XIII далай ламын хойд дүрээр тодруулжээ.
   1933 онд жанч халсан XIII далай ламын хойд дүрийг тодруулах шинжээчид Лхасаас зүүн хойд зүгт Чокоржалд орших Лхамо лхацо гэдэг гэгээн нууранд очжээ.
  Тэр нуурын усанд түвдийн ирээдүйн хувилгааны дүрийг тодруулдаг ажээ. Засаг лам нуурын уснаас Түвдийн ГА, МА, А гэсэн гурван үсэг, ногоон дээвэртэй дуган, яст мэлхийн сүүлтэй байшингийн дүрс тодрохыг ажиглажээ. Засаг лам болон дээдэс мяндагтангууд нуурын усанд тодорсон газрыг шинжлүүлэхээр Түвдийн зүг бүхэнд шинжээчдийг илгээв.
   Зүүн зүгийг зорин гарсан шинжээчдийн хэсгийг Сэра хийдийн Гуйцан Ринбүүчий удирдаж Амдо нутагт ирлээ. Лувсанцэвээн лам хэсгийн ахлагч мэт хувцаслаж ,Сэра хийдийн их лам Гуйцан Ринбүүчий зүсээ хувилган муу хувцас өмссөн байлаа. Гуйцан Ринбүүчий хүзүүндээ өмнөх Далай ламын эрхийг зүүсэн байв.
   Амдо нутгийн нэгэн тариачны бяцхан хүү эрхийг авахыг хүссэнд ламтан: "Өөрийгөө хэн болохыг хэлбэл өгнө" гэсэнд хүү " Сэрэ ага" гэж хэлжээ. Энэ нь нутгийн аялгуугаар Сэра лам гэсэн үг байлаа. Лам хүүгээс хэн нь жинхэнэ удирдагч болохыг асуухад мөн л зөв танив. Түүнчлэн бараа бологсодын нэрийг ч хэлжээ. Ингээд XIII Далай ламын хойд дүр мөн гэдгийг олон сорилтоор нягтлаад үүнийгээ засаг ламын нуурын усанд тольдсон гурван үсэг, дүрс зургаар баталгаажуулав. Эхний үсэн "А" нь Амдо гэсэн утгатай. "Га" нь ойр орших хийдүүдийн нэг Гүмбүм эсвэл "Га" "МА" хоёр үсэг хамт байсан тохиолдолд тосгоны дээд талд орших Гарма Ролбийдоржийн хийдийг бэлэгдэж байлаа. 
  Ингээд тариачны бяцхан хүү эгэл хувцсаа номын хувцсаар солин 1940 оны 2-р сарын 22-нд арслант ширээнээ заларчээ. Эгэл хүүхдийн адил Түвдийн шар, сав үсгэнд суралцан арван хоёр нас хүрч гүн ухааны ном үзэн 13-тайдаа Дрэпүнг, Сэра, Гандан хийдэд шавилан орж , 24 насандаа бурхан шашны гурван их сургуульд анхныхаа шалгалтыг өгч, 25 насандаа лхарамбын дамжаа барьжээ.
  300 гаруй жилийн турш арван хэдэн үеийн Далай лам нар шашин төрийг хослон барьж ирсэн уламжлалаар Дээрхийн Гэгээнтэн 16 насандаа төрсөн нутаг Түвд орны  эрх ашиг, шашин соёлыг тууштай хамгаалах болов. 1950 онд 80 гаруй мянган цэрэгтэй Хятадын ардын чөлөөлөх арми Түвдэд цөмрөн орлоо. 1954 онд Дээрхийн гэгээнтэн Бээжинг зорин Лхасаас мордлоо. Хятадын удирдагчидтай Бээжинд энхийн хэлэлцээр хийв. 1956 онд Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойд оролцож Энэтхэгийн ерөнхий сайд Нерутай уулзан Түвд орны талаар ярилцжээ. Нутагтаа эргэж ирсний дараа Хятадын удирдагчидтай хэлэлцэж, хүчирхийлэлийг эв зүйгээр зохицуулахыг удаа дараа хичээж байсан боловч Хятадын цэрэг 1959 оны 3-р сарын 10-нд Лхас руу цэргийн хүчээр дайран орсон юм. Энэ бүхний улмаас Далай лам ная гаруй мянган дүрвэгсдийн хамт Лхасыг орхин Энэтхэг рүү дүрвэн гарч, Энэтхэгийн баруун хойд хэсэгт орших Дарамсалад амьдрах болсон билээ. 
   Хуучин Түвдийн боловсрол олгох аргыг өөрчлөн дүрвэн гарсан хүүхдүүдийн 
боловсролд анхаарлаа тавьж орчин цагийн англи хэл, хинди хэл, газарзүй зэрэг шинжлэх ухааны боловсрол олгох сургууль нээжээ.
   Тэр цагаас хойш Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц хүний эрх, эрх чөлөө, хүмүүний ёс суртахууны талаар лекц уншиж, ном бүтээл гаргасаар байна.
   Даян дэлхийд хүч үл хэрэглэн энх тайвныг цогцлоогч сартваахь болсны тул 1989 оны 12-р сарын 10-д Далай ламд хүн төрөлхний энхийн төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Нобелийн шагнал олгосон билээ.   

     Дээрхийн гэгээн XIV Далай ламын Монголд айлдсан ном, зарлигын  товчоон:

 Анхдугаар айлчлал
  1979 оны 6-р сарын 15 буюу  билгийн тооллын 16-р жарны 53-р шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Монгол оронд Азийн Буддистуудын энх тайвны 5-р бага хурлын хүндэт зочноор уригдан анх заларчээ.   Тэрээр сүсэгтэн олонд "Гандан лхавжаймаа","Есөн мөрт мэгзэм","Дөрвөн мөрт мэгзэм" ,сүсэгтэн олны хамтаар эрхи маани уншиж "Язгуурын гурван бурхны тарни" -г айлдаж эш лүнг хайрлажээ.

Удаах айлчлал
  1982 оны 8-р сарын дундуур, билгийн тооллын 16-р жарны усан нохой жилийн намрын эхэн сард тохиов. Энэ айлчлалаар III Далай ламын зохиосон "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт"-ийг дэлгэрэнгүй айлдаж увидас хүртээв. Мөн "Жигжид бурхны авшиг","Жамсран бурхны жэнан" зэрэг ном айлдаж Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий чуулганд хүндэт зочноор уригдан оролцов.

Гуравдугаар айлчлал
  1991 оны 9-р сар буюу билгийн тооллын 17-р жарны тавдугаар төмөр хонь жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байлаа. Дээрхийн Гэгээнтэн төв цэнгэлдэх хүрээлэнд "Бодь мөрийн гурван эрхэм" номын дэлгэрэнгүй тайлбар,"Цагаан дарь эхийн насны авшиг","Язгуурын гурван бурхны тарнийг" сүсэгтэн олонд айлдав.

Дөрөвдүгээр айлчлал
  1994 оны 9-р сар буюу билгийн тооллын 17-р жарны модон нохой жил. Энэ айлчлалаар "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт" номыг тайлбарлан нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни","Язгуурын гурван бурхны зүрхэн тарни","Ловон Бадамсамбааваа бурхны зүрхэн тарнийн" эшийг хайрлав.

Тавдугаар айлчлал
  1995 оны 8-р сар билгийн тооллын 17-р жарны модон гахай жилийн намрын эхэн сар, Далай лам Монголд анх удаа Гандантэгчилэн хийдэд "Цогт цагийн хүрдний номлол", Дүйнхор бурхны их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонхавын туурвисан "Бодь мөрийн зэргийн хураангуй утга" болоод "Шүтэн барилдахуйн магтаал" зэрэг бурхны шашины гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж "Увш" болон "Бодь садвын санваар" хайрлав.

Зургаадугаар айлчлал
  2002 оны 11-р сарын 06-09-ний өдрүүдэд айлчлав. "Бодь мөрийн гурван эрхэм","Шүтэн барилдахуйн магтаал","Бурхан багшийн зүрхэн тарни","Дарь эхийн жэнан" зэрэг номуудыг нийт сүсэгтэн олонд айлдаж, оюутан залууст сургаал номоо хайрлав.

Долдугаар айлчлал
  2006 оны 8-р сарын 21-27. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн Гэгээнтэн    
 лам хуврагийн жаяг бичгийг зохион монголын бурхны шашны сүм хийдүүдийн тэргүүн болон хамба лам нарт гардуулж анх удаа гэлэнгийн сахилыг 52 ламд хүртээсэн юм. Далай ламын энэ удаагын айлчлалын үеэр өөрийн мутраар суулгасан мөнхийн ногоон гацуур мод Гүнчав Жамбаалан төвийн үүдэнд буй.

Түүний айлчлалын хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top