Намрын шөнийн сонат

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 10

 Улаанбаатарын шөнө хэзээ ийм намуухан байлаа. Цаг харвал 23. Өдрийн их чимээ шуугиан, өнөө айхавтар хашгираа чарлаа хөгжим бүүр нэг овоо нам гүм гээч. Тэнгэрт мэлтийсэн цагаан сар тэргэлтэн манджээ. Аргагүй юмаа, намрын дунд сарын хорьд болчихсон юм чинь. Байрнуудын цонх оочин цоочин гэрэлтээд, ганц нэг машин уснаа хөвөх загас шиг зөөлөн явж өнгөрнө. Манай наад байшингийн нээлттэй нэг цонхоор хачин сайхан аялгуу намуухан дуурсаж эхлэв. “Одоо ч харилаа, юундаа яарахав. Сонсоодохъё байз” гэж бодоод ойролцоох сандал дээр сууж чагнаархав. Төгөлдөр хуурын эгшиг байна аа, янз нь. Нармын шөнийн зөөлөн салхи урсгалаа саах мэт, холын холд гялалзах одон мичид ойртон ирэх мэт, ялдам дулаан аялгуу зүрхэнд багц багцаараа урсан долгилон байлаа. Огтоос сонсоогүй атал сэтгэл эзэмдэн, болор тунгалаг өнгөөр эгшиглэх энэ хөгжим зүрхээр дамжин судсаар аажуухан урсах мэт.

Би бодлоо. “Хэн нэгэн онгод авьяас тэгширсэн хүний үр зохиосон байж таарна. Түүнийг нь шинийн сар шиг үзэсгэлэнт залуу охин тоглож байгаа байх”. Дэндүү уянгалаг тэр аялгууг сонсож ахуйд алдарт Чайковскийн “Хунт нуур”-ын зулзган хунгууд бүжих мэт, эсвэл Ганга нуурын уснаа өдөн цагаан хун шувууд намуухан хөвж, эвийн хонгор дуугаар хэлэлцэж байна уу гэлтэй, заримдаа Өмнийн их говийн минь мяндсан сэвшээ салхинд алтан, мөнгөн саадгаа намилзуулан халиурах хээр талын өвс ногоо үелээ татан долгилох шиг зүйл зүйлийн тансаг мэдрэмжийг өгч байлаа. Төгөлдөр хуурын эгнэн жирийсэн гоёмсог товчин дээр уран цагаан хуруу усны урсгал шиг мяралзаад, халиурсан хонгор үсээ задгай тавьсан гоо нэгэн толгойгоо яльгүй хөдөлгөн, өмнөө дэлгээтэй нотыг хааяа нэг харан харан энэ гэгээн тунгалаг эгшгийг ундруулан цацалж байгаа биз ээ. Тэр лав Цэцэгмаа ч юм уу, Энхмаа ч юм уу нэртэй байх. Үгүй ер заавал маатай байхдаа ч яахав. Иймэрхүү нэг хачин юм бодоод инээмсэглэж орхидог байна. Гэтэл бас өөрийгөө зөвтгөх юмаа олох янзтай.

Насны хярд гарсан ч гэлээ нартын хатуухан тоглоомоор наадуулаад өнгөрсөн ч гэлээ ухаан санаагаар нэг их бууралтаагүй, орчлонгийн цээл сайхан аялгууг тун төвөггүй сонсон жаргаж суугаадаа өөртөө нэг баярлав. Энэ бол яах аргагүй намрын шөнийн сонат байлаа. Хорьдын цагаан сар тэртээ алсаас мэлмэрэн ширтээд мөнөөх яруу тунгалаг аяыг чагнанхан гайхаж байна уу гэлтэй. Шанзны эгшиг тасрах мэт сайхь хөгжим гэнэт чимээгүй болов. Нэг их сайхан юмнаасаа хагацах мэт сэтгэл ганцаардаад явчихав. Төдхөн тав дахь давхрын нэг цонх цэлийтэл нээгдээд миний төсөөлж байсан шиг залуухан бүсгүй цагаан даашинзаа намируулан гарч ирснээ гараа алдлан суниагаад баахан зогсов. Тэгснээ, “Та энэ орой юу хийж суугаа юм бэ, ах аа” гэх нь тэр. Огт танихгүй хүнээс ийм үг сонссондоо эгдүүцэн цочих шиг болсон ч нэгэнт хүн надаас юм асууж байгаа болохоор үнэнээ хэллээ. “Дүү минь чиний хөгжмийг сонсоод л ... их сайхан тоглодог юм байна аа. Ах нь сонсоогүй бололтой” гэвэл “Энэ үү, шинэ ая. Би зохиосон юм, та хөгжимчин үү?” гэлээ. “Аа, би яруу найрагч аа. Хөгжимд бас дуртай. Чи их авьяастай хүүхэд байна. Наад ая чинь ямар нэртэй юм бэ” гэв. “Дөнгөж сая зохиочихоод арай дуусаагүй байгаа юм. Та яруу найрагч хүн, миний бүтээлд нэр хайрлаач” гэх нь тэр. Би жаахан бодлоо. “Намрын шөнийн сонат”-аас өөр нэр орж ирсэнгүй. Мөнөөх нэрээ хэлэв. “Ёстой сайхан нэр байна. Танд их баярлалаа. Би одоохон ороод л дуусгачихна. Та маргааш ирж сонсоорой, би цонхоор таныг хараад л танина шүү” гэснээ  гараа даллачихаад цааш эргэв. Өрөөлийг баярлуулахаас илүү сайхан юм гэж хаа байхав гэсэн шиг бодоод би ч босож гэрийн зүг алхав. Миний өгсөн нэр таалагдсан шиг байна. Их авьяастай хүүхэд бололтой гэж бодсоор урамтай гэгч алхлахуй “Намрын шөнийн сонат” хилэн хар тэнгэрийн доогуур бидэр татуулан зэдлэн уянгалж байлаа.

Дууны хорвоод жаргаж, дуутай хамт амьдарч, хүний гэрэлт ертөнцөд хүн хүнээ баярлуулж явахаас илүү дээдийн баясал ховорхон биз ээ. Ертөнцийн саруул тунгалаг эгшгээр зүрхээ ундалж яваа болохоор амьдралын минь наран жаргах болоогүй юмсанж. Сэтгэлээр баян явах ч сайхан даа. Намрын хонгор сэвшээ, гол усны мяралзаан, хань ижлээ хүсэмжлэх хайрын баян сэтгэл, тоост орчлонгийн баяр гунигийг зүрхнээ цутгах сайхан монгол аялгуу бидний энэхэн цаг үед минь хэр элбэгхэн байдаг билээ дээ. Амьдрал ч, дуу хөгжим ч сүрхий өөрчлөгдөж байна шүү. Гэвч ардын дуу шиг унаган монгол аялгуу ундран ундарсаар байх болно гэдэгт чин зүрхнээсээ би итгэнэм. “Намрын шөнийн сонат”-аа би маргааш шинэ танил дүү охиноосоо сонсох болно оо. Амьдрал сайхаан.      

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт,

МЗЭ-ийн шагналт зохиолч

Эрэнжидийн Хархүү 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top