М.Намсрай: 2011.11.11-н бол бусдаас ялгарсан гоц гойд өдөр биш

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 12

2011 оны 11 дүгээр сарын 11. Нэгийн тоо дараалан давхцсан энэ өдрийг бэлгэшээж өчигдөр дэлхий нийтэд олон хос хуримаа хийжээ. Манай монголчууд ч гэсэн шинэ бүхэн эхлэх сайн өдөр хэмээн хурим найр хийж, байр сууцандаа орж, зарим залуус баярт өдөр болгон тэмдэглэсэн байна. Харин зурхайчид энэ өдрийг сүржигнээд байх зүйлгүй энгийн нэг өдөр хэмээн тайлбарлаж байна. "Чингис хааны монгол шар зурхай" монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны зурхайч М.Намсрай ийн ярьж байна.

-Олон 11 давхцсан энэ өдөр тийм сайн өдөр үү?

-2011 оны 11 дүгээр сарын 11-нээс илүү 10-ны өдөр онц их ач холбогдолтой байсан юм. Учир нь цаг тооны бичгийн маргааныг өчигдрөөр хардаг. Энэ өдөр сар мичдийн тохиолго болж 15-ны тэргэл дүүрэн сар гардаг. Хэрвээ сар мичдийн тохиолго болохгүй бол он тоолол зөрж байна гэж үздэг юм. Сар мичдийн тохиолгыг жирийн малчид, найман настай балчраас наян настай хөгшид байгалийнхаа цагийг шинжээд мэдчихдэг байсан. Жишээлбэл, өчигдөр цас орлоо. Энэ бол мичдийн угаалга болж байгаагийн шинж. Өөрөөр хэлбэл, Чингэс хааны шар зурхай зөв явж байна. Өвлийн сар эхлээд 15 хоночихоод байна. Юуны чинь намрын сүүл сар вэ.

Төгс буянт зурхайгаар намрын сүүл сар гэж явж байгаа. Гэтэл өвлийн эхэн сар гараад 15 хонож байхад бид намрын сартайгаа зууралдаад явж байдаг. Ингэж болох уу, үгүй юу гэдгийг манай эрдэмтэн мэргэд өчигдөр Монгол төрийн тоолол нэртэй хурал хийгээд бүх асуудлаа шийдчихлээ. Тэгээд хурлаас гарсан шийдвэрийг бүх ард түмэнд уриалга гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөмж гардуулахаар болсон.

-Ямар шийдвэр, уриалга гаргасан гэж?

-Цагаан сарын шинийн 1-ний өдөр 2012 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр болох нь зөв юм. Бүх ард түмэн эргэлзэж тээнэглэзэлгүй цагаан сараа энэ өдөр хийх ёстой гэсэн уриалга гарсан.

-Тэгвэл 2011 оны 11 дүгээр сарын 11 сайн өдөр биш гэсэн үг үү?

-Сүүлийн үед хүмүүс өрнийн зурхайг баримтлаад 2011 оны 11 дүгээр сарын 11-ний 11 цаг 11 минут гэх юм дэлгэрүүлээд байгаа л даа. Тоон ухааны давтамж талаасаа сонин уу гэвэл сонин. Олон нэгийн тоо давхацсан өдөр. Энэ өдөр монгол тооллогоор өвлийн тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр юм. Энэ өдөр дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морин өдөр. 23 дугаартай найрал их одтой, үзэсгэлэнт гэгээн гариг буюу тав дахь өдөр. Үүнийг манай Өвөрмонголд гаригийн зургаан гэж хэлдэг. Тодруулбал, зургаан гариг давхацсан өдөр гэж хэлдэг юм. Энэ өдрийг манайхан гадаад, дотоодын янз бүрийн ярианд автаад шүтэж, бишрээд байна л даа. Сүйд болох өдөр бол биш юм. Өдрийн шинж нь гадагш, дотогш явах, шинэ юм дэлгэрүүлэх, шинэ гэр байранд орох, хуучныг сэргээн засварлах, шинэ санаа олж, өөрийн ном зохиол дээр суух гэх мэтчилэн юманд сайн. Бусдаас ялгарсан гоц гойд өдөр биш л дээ.

-Өнгөрсөн сар шинийн баяраар хоёр шинийн нэгэн давхацсан шүү дээ. Энэ жилийн сар шинийн баяр нэг шинийн нэгэнтэй байна гэсэн үг үү?

-Өнгөрсөн цагаан сарын тооллогоор шинийн нэгний хоёр өдөр тохиодог гээд тэмдэглэсэн. Шинийн 1-н хоёр өдөр тохионо гэдэг чинь нэг өдөр 24 цаг биш, 48 цагтай болж таарч байна. Шинийн 1-ний сар хоёр хононо гэсэн үг. Шинийн 1-ний сарыг хэн тэнд нь уяад нэгнийх нь хэвээр байлгах юм. Морьдохын хазгай гэдэг шиг он тооллогоо буруугаар эхлээд зам мөрөө буруу гаргаснаас энэ жилийн төрх ямар их гамшигтай, эмгэнэлтэй үйл явдал болж байгааг харж байгаа байх. Улс төрийн хүрээнд өчнөөн самуун явдал гарч байна. Би өөрийн цаг тооны бичигт 1911, 1921 онд болж байсан үйл явдал 2011 онд яг тэр чигээрээ давтагдана гэж бичсэн байгаа. 1911 онд Эрх чөлөөний тусгаар тогтнолын тэмцэл өрнөж байсан, 1921 онд ардын хувьсгал өрнөж байсан. Тэр шинж 2011 онд давтагдаж байна ш дээ.

-Мичдийн угаалга болж байгааг малчид, энгийн иргэд яаж шинжиж мэддэг гэсэн үг вэ?

-Малчид байгалийнхаа шинжээр харна гэдэг чинь мичдийн угаалга болж байна уу, цас бороо орж байна уу гэдэг тэр шинж юм. Зарим үед мичид нь угтаж угаалга хийдэг, дагаж угаалга гэдэг. Угтаж гэдэг нь өмнөх өдөр нь, дагаж гэдэг нь дараа өдөр нь цас ордог. Энэ жил тохиолгынхоо өдөр угаалгаа хийлээ. Энүүгээр Чингэс хааны улирлын тооны зурлага, цаг тооны бичиг ямар ч алдаагүй явж байна гэдгийг баталлаа.

-Балжинням, дашням давхацсан өдрийн тухайд?

-Балжинням, дашнямтай өдрийг манай төгс буянт зурхайнхан дандаа алдаж байна. Манайхан намрын дунд сарын 17-ны өдөр хурим найр хийхээр бүтэн сар, жилийн өмнө дугаарлаж, бүртгүүлдэг ш дээ. Гэтэл энэ өдөр нь сарын алдаатай байдаг. Есдүгээр сарын 17-нд намрын дунд сар нь болоод өнгөрчихсөн байхад аравдугаар сарын 17-нд нийтээрээ хурим найраа хийгээд, балжинням, дашнямтай өдөр гэж итгээд л яваад байна. Хүний итгэл шиг хүчтэй юм гэж байхгүй л дээ. Гэхдээ төгсбуянт зурхайчдаас болоод хойч үе маань ийм их алдаатай, эндүүрэлтэй явж байгаад маш их харамсч байна. Сүүлийн үед гэрлэсэн залуу гэр бүлүүд нэг хоёр жил болоод салж байгаа тогтворгүй байдал нь өдөр товоо зөв тогтоодоггүйтэй холбоотой.

-Танай холбооноос үүнийг засч залруулахад ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Зөв голдиролд оруулахаар зурхайчид 20 жил уйгагүй тэмцэл хийж байна. Одоо тэгээд өрнийн зурхай, дорнын зурхай гэх мэтээр яриад байгаа ч хэрэглэдэг ч юм уу, ойлгодог ч юм уу савангийн хөөс гэдэг шиг хөвсөн хүмүүс л яваад байна. Өдрийн сайныг өнжин хүлээх, сарын сайныг саатан хүлээх гэдэг чинь амьдрал хувь заяа, үхэл минут секундэд шийдэгддэг учраас эмзэг асуудал гэдгийг хэлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top