“Лос Анжелес Таймс” сонины Барбара Дэмик гэгч америк бүсгүйн “Атаархах зүйл үгүй” номны талаар addidea.blogspot.com хаягтай сэтгүүлч бүсгүй бичжээ. 38-р өргөрөг гэх бичлэгт энэ номны талаар эхний дүгнэлт нь “Нэг хойгт оршдог нэг үндэстэн яагаад хоёр хуваагдан үүрдийн дайсан болсон, тэнд ямар тоглоомын дүрэм үйлчилснээс нэг нь өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх гүрэн болж, нөгөө нь ертөнц дахины доог тохуу, дарангуйлал, өлсгөлөнгийн сонгодог жишээ болов гэдгийг сэтгүүлзүйн орчин үеийн төрөл non-fiction буюу баримтат утга зохиолын хэлбэрээр, нэлээд өөр өнцгөөс харуулсан байна” гэжээ.
Энэ номноос нь дам ишлэвэл, “Иргэдээ төрсөн цагаас нь эхлэн тархийг нь угааж, бусад орнуудаас жаргалтай амьдарч байгаа, ямар ч атаархах зүйл үгүй гэж итгүүлнэ. Нэгдүгээр ангийн математикийн өгүүлбэртэй бодлогод “Найман хөвгүүн, есөн охин Ким Ир Сенийг магтсан сүлд дуулал дуулж байна. Нийт хэчнээн хүүхэд байна вэ” гэх буюу “Японы түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн дайны үеэр нэгэн охин эх оронч цэргүүдэд мэдээ дамжуулахаар явж байхдаа захидлаа таван алим хийсэн сагсанд нуун явжээ. Гэтэл цэрэг замд нь зогсоож, хоёр алимыг нь булаан авав. Тэгвэл сагсанд нь хэдэн алим үлдэх вэ?” гэх жишээний.
Үнэхээр инээд хүрмээр байгаа биз. Гэвч, үнэндээ энэ бол инээдэм биш эмгэнэл. Дахиад л “гэвч” гэдэг үг ашиглая. ГЭВЧ, үүнээс ч инээдтэй, эмгэнэлтэй байдал бидний үеийнхэнд, дүү нарт маань ч байна.
Тархи угаадаг нийгэмд амьдраагүй хэрнээ...Үнэнээ яг л нэг зүйлд тархиа угаалгаад байгаа мэт. Ерөнхий мэдлэг гэх зүйл залууст байхгүй болсныг олон ч удаа сонсов. Хэн бүхний мэддэг зүйлс залуусын хувьд “хэн наадахыг чинь мэддэг юм” болж хувирав. Залууст хэлдэг зөвлөгөө “Ном унш” гэх болов. Харин үүнийх нь хариулт “Надад ямар хэрэгтэй юм” болов.
Телевизээр гарах "АХА", "Саятан болохыг хүсвэл" зэрэг нэвтрүүлгүүд нь “Хөгжилтэй” цэнгээнтэй биш “Хөгжих ёстойг сануулсан” нэвтрүүлэг гэдгийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй болж. 50 саяыг өвөртлөх хүсэлдээ хөтлөгдөөд ирсэн ч эхний асуултад нь үсрэгчид хэт олон болсон тул арга ядахдаа нэвтрүүлгийнхэн арван асуултад урьдчилан хариулах арга бодож байх вэ дээ.
Мэдлэг муутай нийгмээс сэтгэлгээ муутай нийгэмд шилждэг. Үүн дээр нь дөрөөлөн мухар сүсэг, бөө дүрстэн олширч, засал хийлгээд л ажил бүтэх, бор шувууны зураг хоймортоо залаад амьдрал дээшлэх үлгэрүүд л амилна. Ийм л нийгэмд хамгийн боловсролгүй сонгогчид бий болж, “саналаа луйвардуулчхаад” сүүлд нь гомдоллодог.
“Цагаан соёот”-ыг вампирын тухай ном л биз гэж төсөөлж байгаа хүн хэзээ ч Жек Лондоны зохиолуудын амьдралын төлөөх тэмцлийг олж харахгүй. Роман гэдгийг зүгээр л “аймаар зузаан ном” гэж бодож буй хүн хэзээ ч дэлхийн сонгодгуудтай танилцахгүй. Үүний шалтгаан нь “завгүй”. Угтаа бол бидний нэлээдгүй хэсэг уншиж байж л сэтгэж, өрөвдөж, хайрлахыг ойлгосон. Харин интернэт хэсч хэрэгтэй, хэрэггүй мэдээллийг “хогийн сав”-ндаа /уур гэнэт хүрч бухимдсан тул “толгойдоо” гэдэг үгийг хэрэглэсэнгүй/ хийнэ. Facebook-ээс бичлэг, зураг үзэж “лайке” дарна. Телевизийн сериалаас “хүн чанар”-ыг хайна. Үүндээ цаг гаргана.
Би асууя, залуус аа. Та нарын амьдралын нэлээдгүй цагийг булааж буй энэ бүхэн чинь баян байхаас илүү аз жаргалтай амьдрахын утга учрыг хэлж чадах уу, мэдлэг гэх зүйл мэдээлэл гэдгээс ялгаатайг харуулах уу, хэлбэрээс илүү агуулга чухал гэдгийг ойлгуулах уу. Би л лав эргэлзэж байна.
“Чамд бидний юу хийх нь хамаагүй” гэж хэлэх эрх бий, залуус минь. Гэхдээ л дансандаа хэдэн төгрөг хийхээ ч бичиж чадахгүй багшийн сургуулийн төгсөх курсийн оюутан байна. Зах зээлийн эдийн засагтай гэдгээ ойлгоогүй эдийн засагч, Жорж Ориуелийн “Амьтны ферм”-ийг уншаагүй улс төр судлалын улаан дипломтонгууд олширчээ. Бетховен бол нохойны нэр, Микеланжело бол компьютерийн вирус гээд зогсож байх залуус олон байна. Тэд чинь миний хүүхдэд хичээл заана шүү дээ, ээ бүү үзэгд...
Сэтгэгдэл ( 0 )