Бэртэй болох цаг

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 14

Золиг гэж!  Тэр уг нь тэргүүний үхэрчин. Гүндүүгүй томоотой нэгэн. Жилдээ ганц удаа л сумын төв орно. Тэгэхдээ бүр улсын баяр наадмаар шүү! Дөрвөн жилийн өмнө ээж нь түүнд өнгийн пүүсүүгээр шинэ тэрлэг хийж өгчээ. Түүнийгээ л өмсөнө. Гутлын хувьд гэвэл, өөрөө аминыхаа нэг цоохор шүдлэн гуныг өгч байж Тариатын адгийн панз алдартай Гониогоос гялалзсан өнгөтэй бөх гэгчийн савхин гутал авсан аж. Түүнийгээ жилд ганцхан л углана. Мөнөөх л баяраар. Харин морины хувьд гэвэл овоо. Эцгийн үлдээсэн голдуу хээр зүсмийн хэдэн сайхан морьдтой.

Аав нь хэлдэг байж:

-Миний хүү! Монгол хүний сүлд мориндоо байдаг юм. Цагаан зүсмийн адуу ч уг нь зүгээр л дээ! Гэхдээ аавд нь бол бараан зүсмийн адуу дотно...Арвайхээр, Могойхээр, Шарваахээр, Сулинхээр гэж дуу, домог хүртэл гардаг шүү дээ гэж ярьдаг хүн байв. Үеийнхэн нь бол түүнийг:

-Хормойгоо өшиглөөд. Ёстой нэг хүүхний тэнгэргүй эр гэх нь буй. Гэтэл нь зарим нь:

-Зайлуул! Томоотой нь дэндчихсэн юм гэнэ. Түүнийг нь ойлгохгүй, манай голын хүүхнүүд маяглацгаах юм гэнэ. Хөгшчүүл бол:- Малд нүдтэй, ажилд сайн, буянтай хүн шүү! гэхэд нөгөөдүүл нь ээжийнх нь нэрийг дурсаж:- Үгүй, энэ Долзод ёстой азтай авгай! Ийм  хүүтэй хүн хөлөө жийгээд хэвтэж байхад яахав гэнэ. Ээж Долзод нь энэ үгийг дуулаад:- Миний аз, буян ч гайгүй та минь! Амьддаа л үүнийхээ утааг нэг үнэрлэх юмсан. Даанч миний донгио хүүг тоогоод, тогоогий нь барих бэр олдохгүй нь шиг байна гэж орж, гарсан үеийнхээ хөгшчүүлд хуучилна. Энэ жил Тариатын хөндийд хавар эрт айлчилж, ногоо урьд өмнөхөөсөө илүү ханшилсны ачаар сайхан зун болов. Уулс өргөн өндөлзүүлэх цэнхэр зэрэглээ нарны дор уралдаж, унаганы ташаа цохих шивнээ, хялганы үзүүрт ааг шим хурна. Их Хайрхан, Бунтын ар зоогоор нутаглах шар тарвага ёстой биеэ дааж, нүхнээс гарч чадахгүй болтлоо өөхөлжээ. Тариатын голын дэрст түнгэнд үхэр оодогнон давхихдаа бие биенээ харахгүй “Сайн дураараа” мөргөлдөх удаа ч бий. Овоот нуурын арын толгойг тойрон нугас, ангир хөвж, хөндий дэнжээр хөх тогоруу явгална. Айлууд цагийн дэлгэрт хүүхдийнхээ сэвлэгийг үргээж, сэтгэлтэй зарим хос шинэ өрхөөр нутагтаа бүл нэмж наадам, найр тасрахгүй. Номин хөндий баруун хаяа руу нар дөнгөж жаргасан нэгэн сайхан орой манай үхэрчин залуу “хөөрхөн” халчихсан:

- Хөндийгөө дагаад ... хэмээн уртын дуу амандаа аялчихсан шиг уяан дээрээ буув. Сартай хээрийнхээ эмээлийн олмыг султгангаа: -Ээжээ! Үхрээ өнөөдөр эргэсэнгүй. Орой өөрсдөө цуваад ирнэ байхаа! гэж цовоо гэгчийн хэлэв. Хүүгийнхээ бараанаар гарч, аргал хормойлон гэртээ орох гэж явсан Долзод эмгэн “Овоо доо, муу хүү минь! Өнөөдөр бүр нэг эр хүн шиг байна” гэж бодсоноо:- Миний хүү морио бөхөлчихөөд гэртээ ор! Үхэрт зовоод яах вэ гэсээр хаалгаа татав. Наадам эхлэхэд ганцхан хоног дутуу байв. Үүрийн цагаан гэгээ орохтой үгүйтэй босож заншсан Долзод эмгэнийг сэрэхэд хүү нь алга. Ороо цэмбийтэл хураачихаж. Эмгэн “Үгүй ер, овоо л доо. Одоо нэг хүн болох нь. Амиа аваад явбал ч миний хүү хэнээс ч дордохгүй эр дээ!” гэж баярласаар бослоо. Хүү нь энэ жил хорин тав дахь зунтайгаа золгож яваа билээ. Нарны туяа өрхөн дээр хөллөхийн алдад үхэрчин маань:

-Хөндийгөө дагаад... гэсээр шар хээр, сартай хүрэн хоёр морио хөтөлсөөр ирлээ. Тэр үнээ сааж суусан ээж рүүгээ хандаж:

-Ээж ээ! Миний нөгөө гоёл (хувцсаа хэлж байна) хаана бий билээ. Эртхэн гаргаарай! Би үхрээ гилчихээд ирье гэсээр хөтөлж ирсэн морьдоо бөхлөөд мордов. Ер нь тэр нэг л өөр аж! Саахалт айлын хонь бэлчиж харагдана. Хэзээний зангаар Жаргалмаа номхон хулаа хөтөлж, хонио тууж явна. Жаргалмаагийн аав Сангаа гэж урт цагаан гаанстай, ануухан өвгөн бий. Долзод эмгэн нэг удаа:

-Манай энэ хүү, хань бүлтэй болохгүй нь ээ хөө! Яадаг юм билээ гэхэд баруун хойморт завилж суусан Сангаа гаанс, цохилуураа золгуулан:- Зоволтгүй ээ! Ийм хүнд хань хаанаас мундах билээ. Би ч охиндоо тойруугаар нь сануулаад үзсэн. Тийм ч дургүй биш дэгээ! хэмээхэд баярласан эмгэн, өвгөн лүү дөхөж:- Уухай, үгүй чи овоо доо! Бүтвэл гялайлаа гэж дуу алджээ. Манай хүн чухам Жаргалмааг авчрах болов уу, хэн эс мэднэ. Гэртээ орж сүүгээ юүлэх зуураа Долзод эмгэн:- За байз! Би одоо л нэг бэрийн царай харах нь. Хүний үрийг олигтой л угтах юмсан. Дээлийн дориун өнгө хоёр гурав бий! Хурган дотор ч гомдолгүй. Даанч энэ хүү хэдэн үхэр л гэхээс амьдрал энэ, тэр гэж ярихгүй юм даа! Ямар сайндаа зайлуул:- Яах юм бэ? Яршиг гээд л таг болчихов дээ! хэмээн санаашрав. Наадмын өглөө үхэрчин маань хамгийн түрүүнд хоёр морио эмээл ч үгүй хоосон хөтлөөд арилж өгөв. Тэднийхээр наадамд очих замдаа буусан сумын тэргүүний малчин залуу Сампил, Долзод эмгэнээс хүүгий нь сургийг сонсоод, - Ёстой нэг толгой нь эргэсэн хүн юм аа! Ухаандаа тэр чинь намайг хохироож байгаа юм гэж хэлэхдээ ихэд цухалдангуй байв. Залуугийн ууртай царайг ажиглах зуураа:

- Яагаад тэгдэг билээ, хүү минь! гэж Долзод эмгэнийг асуухад Сампил мотоцикль унахдаа салхинаас хамгаалдаг хар шилээ углангаа:- Яах юу байхав. Хоёр морио надад зарчих. Би чамд мотоциклио өгье гэсэн юм байхгүй юу? Өвөл хонь дагахад морь хэчнээн тустайг та юу эс андах вэ? Сампил энэ бүхнийг өгүүлэхдээ их л хорссон байдалтай байлаа. Эмгэнийг:

- Тэгээд хүү маань морьдоо яагаад хөтлөөд явчихаж байгаа юм бол гэхэд: -Нэгдэлд өгч сайн хүн болох гэж яваа нь тэр!хэмээн Сампил цухалдав. Саяхны нэгэн хурлын үеэр нэгдлийн гишүүдийн амины малаас илүү гарсныг сайн дураар нийгэмчлүүлэхээр шийдсэнийг эмгэн мэдээгүй ажээ.

-Хүүхдүүд та нарын явдлыг хөгшин би яаж мэдэхэв дээ гэж Долзод эмгэний өгүүлэхэд тэр шурхийн босож гарахдаа тотго мөргөөд авав. Сумын төв ордог замаар тоос үлдээн одох Сампилын араас харж зогссон эмгэн:- Миний бэртэй болох цаг хэзээ бол! гэж гундуухан хэлэхийг хэн ч сонссонгүй. Яагаад гэвэл хүү нь улсынхаа баяр наадмыг үзэж яваа! Наадмаас тэр ээждээ заавал чихэртэй ирдэг юм. Түүнээс өөр юм ч ээж нь горьдож үзээгүй билээ. Тэр уг нь тэргүүний үхэрчин. Гүндүүгүй томоотой нэгэн. Тариатын хөндийд хорин таван зуныг өнгөрөөж, үхрээ л дагаж яваа хүн. Бэртэй болох цаг мөдхөн дөө гэж ээжид нь улсууд хэлдэг юм.

1983 он.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top