2011 оны арваннэгдүгээр сарын 11.
Энэ өдөр Б.Ганчимэг өглөө гэрээсээ 07.00 цагт гарав. Хичээл нь 09 цагт эхэлдэг учир ингэж гарах нь жирийн үзэгдэл. Гэхдээ тэр өнөөдөр тэмдэглэлийнхээ дэвтэрт хичээлүүд дээрээ асуугдана, бясалгалд явна гэх мэтээр олон зүйл төлөвлөн бичсэн байлаа. Энэ утгаараа түүний оюутны нэг өдрийн амьдрал нь бусад оюутны адил өнгөрдөг ч сэтгүүлч миний сонирхлыг татах зүйл олон байсан. Мөрөөдөлдөө хөтлөгдөж ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөн яваа тэрбээр “Их монгол” дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн II дамжааны оюутан. Уран зураг, сонгодог хөгжим, дуу сонирхохоос гадна их оюунлаг оюутан болох нь ярилцах явцад анзаарагдав. Оюутан насанд зовлон тоочиж болохгүй" гэж Б.Ганчимэгийн инээмсэглэн ярьсан нь одоо ч тодхон. Тэмдэглэлдээ бичсэний дагуу тэр орсон дөрвөн хичээлийнхээ бүгдэд нь онц дүн авсан юм. Уншигчдадаа нууц задлахад түүний сурлагын дэвтэр онц дүнгээр дүүрэн юм билээ.
Өлсөх ч завгүй
15.20 цаг. Түүний хичээл тарж дараагийн төлөвлөсөн ажлаа бүтээхээр сургуулиасаа гарлаа. Гэсэн ч тэр өнөөдөр хоолонд орох завгүй. Мөнгөгүй байсан уу гэвэл үгүй. Гэрээсээ 3000 төгрөгтэй гарсан. Энэ мөнгөнийхөө 2000 төгрөгийг сорилын номынхоо өрийг барагдуулж, 1000 төгрөгөөр нь утсаа цэнэглэв. “Өлсөхгүй байна уу” гэхэд тэрбээр “Хичээл ихтэй болохоор өлсөхийг мэдрэхгүй байна. Их мөнгөтэй гарсан үед өлсдөггүй юм. 3000 төгрөг миний хувьд их мөнгө. Заримдаа 5000-6000 төгрөгтэй явах үө бий. Гэхдээ бүр 200 төгрөгтэй өдөр ч байдаг. Мөнгө муутай явах өдөр ямар их өлсч, ходоод хоржигнодог гэж санана” хэмээн хошигнон хариулж байв. Хичээлийнхээ дараа Б.Ганчимэг “Интерном” их дэлгүүрээр орж шинээр мэндэлсэн ном сонирхоод дараа нь Нацагдоржийн номын санд сууж ихэнх цагаа өнгөрөөсөн юм. “Их монгол” сургуулийн багш нар оюутнуудаа номтой нөхөрлөх, биеэ зөв авч явах зэрэг олон зүйлд үлгэрлэдэг аж. Монголын сор болсон сэхээтэн багш нараар хичээл заалгаж буйдаа бахархаж явдгаа онцолсон. Мөн тэрбээр шүлэг бичих хоббитой. Тэрлэсэн шүлгүүдээ төгс болоогүй. Төгс болгохын төлөө Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Батбаяр гуайн урланд хичээллэж байгаа гэсэн. Багшийнхаа “Амрагийн тэнгэр” номыг хэдэн ч удаа уншаад уйддаггүй аж.
100 мянган төгрөгтэй болчихвол...
Түүнтэй мөрөөдлийн талаар багагүй ярилцсан. Учир нь тэр автобусанд суух цагаа мөрөөдөл дунд өнгөрөөдөг гэсэн юм. Гэр нь XXI хороололд болохоор замын түгжрэлд их орно. Орой 22 цагтай уралдаж гэртээ орох нь жирийн үзэгдэл. Өөрийгөө эх орондоо хэрэгтэй хүн болгоход хичээлийнхээ
бүх цагийг зарцуулж, хэрэгтэй мэдээллээр оюун ухаанаа цэнэглэх нь түүний сурах гэж тэмүүлээд яваа амьдралынх нь нууц гэж тодорхойлсон. “Өнөөдөр 100 мянган төгрөгтэй болчихвол юунд зориулах вэ” гэхэд тэрбээр “Бодь мөрийн зэрэг” хэмээх III боть ном худалдаж авна. Энэ номыг уншихыг их хүсч байгаа. Өмнө нь "Интерном” их дэлгүүрээр орж сайхан ном хараад хорхой хүрдэг байлаа. Уншихсан гэж хүссэн номынхоо эхний нэг, хоёр хуудсыг гарчиглаж, худалдагчаас нь айгаад тавих нь жирийн үзэгдэл байв. Гэтэл одоо би уншихыг хүсдэг номоо уншдаг болсон. "Оюунт Монгол” аян хувийн сургуулиудаас анхлан манай сургуульд номын бүлгэм ажиллуулж байна. Миний сонирхдог олон ном аяны хүрээнд оюутан бидэнд үнэгүй унших боломж олгосон. Ном их уншвал залуус бидний сэтгэлгээний төвшинд ахиц гарна” гэв.
Тэрбээр хамгийн сүүлд “Хүчний зам”, “Анастасия”, “Оросын дуут хуш”, “Хайрын орон зай”, “Зүрхэндээ амьдрахуй”, “Тантрын дуудлага”, “Чанадын чанадад” зэрэг хийсвэрлэл сэтгэлгээний олон ном уншжээ. Ярих болгондоо л ном руу хальтран орж, уншсан номынхоо үйл явдлыг сонирхуулсан нь сэтгэлд ихэд нийцсэн юм.
Аав ээжийнхээ ачийг хариулна
19.00 цаг. Түүнтэй ийн ярилцаж явтал апь хэдийн 19.00 цаг болжээ. Бид алхах, автобусаар явах зэрэг олон ажлыг амжуулсан учир цаг их хурдан өнгөрөв. Түүний оюутны амьдрал найз нөхөдтэйгээ уулзах завгүй хөвөрч байлаа.
Багадаа Б.Ганчимэг дуучин, жүжигчин болохыг мөрөөддөг байж. Гэтэл арван жилийн сургуулиа төгсөөд монгол хэл, уран зохиолын багш болохоор шийджээ. Сэхээтэн болж аав, ээжийнхээ ачийг хариулахыг зорьсон нь энэ. Тэднийх ам бүл тавуулаа. Аав, ээж хоёр нь жирийн ажилтан. Ээж нь гэрээрээ үндэсний хувцас урладаг уран гартан. Аав нь хүүхдүүдийнхээ төлөө юу л бол юу хийдэг аж. Эднийх хоёр оюутантай учир мөнгө их хэрэгтэй. Гэрийнхээ ажилд өдөр бүр тус болж оройн хоолоо хийж амждаггүйдээ тэр санаа зовж явдгаа бас илэрхийлсэн. Гэхдээ тэрбээр аав, ээжийнхээ өгсөн мөнгийг үр бутээлтэй зарцуулж, гэр бүлийнхэн, анги хамт олноороо үргэлж бахархаж явна.
Сургуулиа төгсөөд тэднийгээ баярлуулах нь Б.Ганчимэгийн нууцхан мөрөөдөл. Ийнхүү оюунлаг бодолтой, ухаалаг оюутантай нэг өдрийг өнгөрөөсөндөө ихэд олзуурхлаа. Чиний номтой нөхөрлөдөг, цаг заваа зөв тодорхойлдог шилдэг олон чанар тань бусад оюутанд үлгэр дууриал болог.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )