Японоос ирсэн 12 машинаас цацраг идэвхит бодис илэрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 18

Энэ оны гуравдугаар сард Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станц дэлбэрсний улмаас тус бүс нутагт  цацраг идэвхит бодисын аюул нүүрлэсэн юм. Хэдийгээр тус улсад “цэвэрлэгээний” ажил өрнөж байгаа ч зарим нэгэн ажлыг дутуу хийсэн бололтой.  Японоос cap гаруйн өмнө манай улс руу ачуулсан  найман машинаас цацраг идэвхт бодис илэрч байсан билээ. Тэгвэл энэ байдал дахин давтагдаж Японы Токио хотоос ачуулсан 12 машинаас цацраг идэвхит бодис илэрчээ. Тэдгээр машиныг  цэвэрлэгээнд оруулж эхлээд байгаа бөгөөд хэзээ дуусах нь тодорхойгүй байна.  Өөрөөр хэлбэл тухайн машины бохирдлын хэмжээнээс шалтгаалж цэвэрлэгээг хэдий хэр хугацаанд хийх нь тодорхой болох аж.

 

Манай улсын стандартад гадаргын бохирдлын байж болох хэмжээ нь 100 бөөм см.кв/минут байдаг юм. Харин  Гааль дээр саатуулагдсан дээрх машинууд нь манай улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс  илүү байсан ч хүний амь насанд аюулгүй гэдгийг Цөмийн энергийн газрын ажилтан  Д.Шадраабалаас тодрууллаа.

 

-Одоо илэрсэн хэмжээ нь хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах уу?

-Машин бүрт өөр өөр байна. Зуугаас хэтэрсэн учир ариутгаж байгаа ч  хүний амь насанд аюул учруулахаар хэмжээ одоогоор илрээгүй байна.

-Эдгээр машиныг хаана, хэрхэн ариутгах вэ? 

- Хаана ариутгахыг хэлэх боломжгүй.  ОБЕГ-ын мэргэжилтнүүд  тусгай газар ариултгал хийдэг. Харин ариутгасан хойно нь бид бүхэн шалгаад эздэд нь хүлээлгэн өгнө.  

-Зардал мөнгө нь улсаас гардаг уу?

- Гамшгийн тухай хуулийн дагуу  тухайн байгууллага хувь хүн гаргадаг.  

- Японд манайх шиг ариутгадаг уу? Эсвэл устгалд оруулдаг уу?

- Японд  цацраг идэвхит бодис илэрсэн 15,000 машиныг устгалд оруулсан. Манай улсад хувь хүнийг нь бодож устгалд оруулахгүйгээр ариутгадаг.  

-Цөмийн энергийн газарт цацpaг идэвхт бодис илрүүлэх багаж, техник хэрэгсэл хангалттай байдаг уу?

-Хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгсэл бий. Илрүүлэлт ч сайн байгаа.

Манай улсын хувьд ариутгалын ажлыг хийж байгаа ч иргэд машин худалдан авахдаа  анхаарал болгоомжтой хандах ёстой ажээ.  Тодруулбал  ариутгах боломжгүй машинд тусгай тэмдэглэгээ хийж устгалд оруулдаг байна.  

Өнөөдрийн байдлаар Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын үлдэгдэл хог, цацраг идэвхт бодисоор бохирдсон хөрсийг цэвэрлэж, 30 жилийн хугацаатай хамгаалалттай хадгалах газарт байршуулах ажил хийгдэж байгаа юм. Энэ ажилд 14 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top