Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Малайзын ГХЯ-ны Консулын газрын Тэргүүн Зулкифли Абдуллатай уулзжээ. Тэрээр тус улсад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хүсэж, энэ асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны яам холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон хамтарсан ажлын хэсэг байгууллагдсаныг Малайзын талд мэдэгдсэн байна. Мөн хохирогчын ар гэрээс тавьсан хүсэлтүүдийг айлын талд уламжиллаа.
Малайзын тал шүүхийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох боломжгүйг тайлбарлаад хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ оны 6, эсвэл 8 дугаар сард хийх урьдчилсан товтой байгааг дуулган энэ хэргийн талаар цаашид хамтран ажиллахаар тохиролцжээ.
Иргэдийн асуудлаар Малайзын ГХЯ ялангуяа Консулын газартай харилцаагаа тогтмолжуулах, монгол иргэдтэй холбогдсон шүүхийн ажиллагааг шуурхайлах, дэмжлэг үзүүлэх талаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн захидлыг Малайзын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Тан Шри Мохд Раджи Бин Рахманд гардууллаа.
Түүнчлэн Ш.Алтантуяагийн хэргийн өмгөөлөгч Карпал Сингк-тэй уулзаж хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, талийгаачийн эцгийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх асуудлыг түргэтгэх, өнчин үлдсэн 2 хүүхдэд хүмүүнлэгийн үүднээс тусламж хэрэгтэй байгаа болон талийгаачийн шарилын үлдэгдлийг авахад туслалцаа хүсчээ.
Өмгөөлөгч Карпал Сингк эрүүгийн хэргийн шүүх хурлын шийдвэрийг тухайн хэрэгт сэжигтнээр холбогдсон цагдаагийн 2 офицер давж заалдсан тул хэргийг шийдвэрлэх ажиллагааг удааширч байгаа. Үүнтэй холбогдуулан С.Шаарийбуугийн гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх боломжгүй хүлээгдэж байгаа тухай дурдаад талийгаачийн 2 хүүхдэд тусламж үзүүлэх асуудлыг Төрийн бус байгууллагаар дамжуулан тавих, шарилын үлдэгдлийг буцаах асуудлыг өмгөөлөгчийн хувьд өөрөө зохицуулж болохыг мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )