Улсын Их Хурлын Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн хэлсэн үгнээс дараах хэсэгт ТЕГ-ынхан өндөр ач холбогдол өгч байгаа аж. Ишлээд байгаа үгсийг нь хүргэе.
… Удахгүй бид гурван саяуулаа болно. Амьдралаа аваад явж байгаа олон мянган айл өрх бол манай улсын хөгжил, дэвшлийн суурь үндэс юм. Монгол Улсад татвар төлж байгаа бүхэн эх орончид юм. Манай бизнес эрхлэгчид, малчид, чөлөөт үйлдвэрлэгчид бүр Монголын сайн сайхныг бүтээн босгогчид юм. Өөрөөсөө илүү гаргаж бусдад тусалж яваа бүхэн ачтан буянтнууд юм. Манай оронд ийм олон сайн үйлстнүүд байна. Хүний түүх энэ олон сайн үйлстэн, баялаг бүтээгчдийн гараар дандаа урагш ахиж байдаг. Иймээс би улс орныхоо ирээдүйд, сайн сайханд гүн итгэлтэй байна.
… Монголын төр бол түүхтэй төр. Нэртэй төр. Ийм төрд алба хашна гэдэг бол их хувь заяа. Монголын төр бол эрхэмсэг төр. Хууль хэрэгжүүлэх чадвараараа, түмний төлөө зүтгэлээрээ Монгол төрийн албан хаагч онцгойрч байх ёстой. Тэд ёс зүйгээрээ, ажил үйлсээрээ, сайнаараа бусдад жишиг болох ёстой. Тэд төрийн дэглэм журам, хүний ёсыг гүнзгий ойлгодог хүмүүс байх ёстой. Манай төрийн албан хаагчид сайн соёл түгээгчид, тээгчид байх учиртай. Ингэж чадвал Монголын төр хүчтэй байна. Монгол Улс хүчтэй байна.
Монголчуудыг сайн соёлын эзэд гэдгийг дэлхийд бүр олон хүн мэддэг боллоо. Монгол хүний шударга нээлттэй, эрхийн мэдрэмжтэй, бие даах чадвартай, шинэ зүйлд хурдан суралцдаг чанарыг үнэлж байна. Олон сар хүний нутагт бусдын зовлонг хуваалцаж явсан манай энхийг сахиулагчид бол энэ цагийн баатрууд юм. “Монгол оронд төрсөндөө би үнэхээр бахархаж байна. Миний эх орон чинь ямар сайхан юм бэ”гэж тэд хэлж байна. Хол явж зовлон үзсэн хүмүүс хэтрүүлэгтэй үг хэлэхгүй. Би ч бас ийм сайхан эх орноороо бахархаж байна. Би ийм орны эзэд болсон ард түмнээрээ бахархаж байна. Цөмөөрөө энэ бахархлыг улам дэлгэрүүлэн бүтээцгээе.”

Сэтгэгдэл ( 1 )
yu geh gesen yum boloo