“Ice Top” хамтлагийн гишүүн Хаагий буюу Н.Хатанбаатар нойр булчирхайн хорт хавдраар өвчилж, эмчилгээний зардалд нь 200 сая төгрөг шаардлагатай болсон билээ. Энэ ч утгаараа, хамтлагийнхан нь эрвийх дэрвийхээрээ хөдөлж “Гэгээн сэтгэл” нэртэй хандивын тоглолт зохион байгуулсан юм. Рок поп, хошин урлагийн уран бүтээлчид халуун сэтгэлээр нэгдсэн энэхүү тоглолтын хөтлөгчөөр Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар ажилласан. Тэрбээр тоглолтын турш сэтгэл хөдөлгөм үгсээр үзэгчдээ уярааж, хандивын үйлст гар сунгахыг уриалж байсан бөгөөд оролцож буй уран бүтээлчдэд ч талархсан сэтгэлээ харамгүй илэрхийлсэн.
Энэ үеэр дуучин ВХ тайзнаа гарч ирсэн бөгөөд “амьд”-аар дуулах гэж хэрэндээ хичээсэн. Сүүлдээ бүр шүлэг уншиж, үзэгч охидыг уяраасан дуучин залуу Ш.Гүрбазарыг алмайртал урсгалаа. Үнэндээ сурагчийн ширээнд байхаасаа эхлэн шүлэг бичсэн дуучин залуугийн авьяас урлагийн ертөнц рүү хөтөлсөн гэдэг. Охид залуусын дунд хит болсон “My Love” дуугаа өөрөө зохиосон ВХ хандивын тоглолтод шинэ шүлгүүдээ сонирхуулахаар ирсэн аж. Үзэгчид ч амьсгаа даран чагнаж, чихэнд сонсголонтой мөнөөх шүлгүүдийг нь магтаж суусан бол яруу найрагч Ш.Гүрбазар “Малгайгаа сольсон ВХ маань манийгаа хоолгүй болгох дөхлөө шүү” хэмээн хошигноод авсан. Энэ мэтээр сонирхох зүйл ихтэй өрнөсөн “Гэгээн сэтгэл” хандивын тоглолт багагүй сунжирсан бөгөөд авьяаслаг хүүхэд, залуус сайн дураараа оролцохоор ирж байснаас тэр. Хаагий энэ бүхнийг шууд нэвтрүүлгээр үзээд сэтгэл нь ихэд хөдөлсөн бөгөөд үзэгч, сонсогчдынхоо урам хайрласан үгс, тус дэмээр хурдан эдгэрэх биз ээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )
bolson l bshd
hurdan edgeerei