Монгол улсын экс засгын газраас “Утаагүй Улаанбаатар” төслийн санаачилсан. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй олон үйл ажиллагаанууд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулан хүчээ дайчилж, байгаа ч үр дүн өнөөдөр бараан хэвээрээ л байгаа юм.
Утаагүй шахмал түлш, утаагүй зуух, цахилгаанаар халдаг амины орон сууц зэрэг төслүүд утааг халж чадахгүй гэдгээ харуулсан. Эцэсдээ гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх гэх мэт оновчтой төсөл боловсрогдож байгаа билээ. Энэ олон төслүүдэд иргэд үнэндээ төөрөгдсөөр байна.
Өнгөрсөн оны намар хотын дарга Э.Бат-үүлийн санаачилсан утаагүй гэр хороолол, хашаандаа хаустай амьдарцгаая уриан дор болсон дулаалгын аян нэртэй арга хэмжээ үргэлжилж байгаа юм. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд шилэн хөвөн, канад мод, хятадын хөөсөнцөрөн, хуванцаран төрөл бүрийн амины байшингууд сүндэрлэсэн бөгөөд цахилгаанаар халаана гэж иргэдийг ихээхэн гошгоруулсан. Үнэндээ манайд гэр хорооллыг цахилгаанаар халаах нь битгий хэл одооны хэрэглээгээч даахгүй шахам байгаа шүү дээ. Шалны халаалт нь өндөр цахилгаанаар халдаг төдийгүй 3 өрөө бүхий байшинд сардаа 300-гаад мянган төгрөгний зардал гаргах учир бэл бэнчинтэй ганц нэг айлын сонгох материал аж.
Мөн Мянганы сорилтын сангаас айл өрхөд зориулж, Турк, Монголын хамтын бүтээл болох зөвхөн бага оврын мод, нүүрсээр галладаг эрчим хүчний хэмнэлттэй энгийн зуухыг өнгөрсөн оны 11 дүгээр сард нийлүүлж дууссан юм. Гэтэл иргэд нам даралтын, усан халаалттай, Канадад үйлдвэрлэгдсэн зуух нийлүүлж байгаа хэмээн андуурчээ. Энэ тухай МСС- мэдэгдэхдээ: уг төслийн хүрээнд 2013 онд айл өрхүүдэд аливаа төрлийн зуух, түүний дотор нам даралтын Канад зуух нийлүүлээгүйг албан ёсоор мэдэгдэжээ. Харин АНУ-н буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Монгол Улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-тай үйл ажиллагаа адил төстэй байдгийг харгалзан, андуурч ташаарахгүй байхыг сануулсан байна. Энэ мэт олон олон төсөлд иргэд сүүлдээ бүүр төөрч будилсаар байгаа юм. Хашааны газартаа хаусаа барих уу? Суллаж өгөх үү гэдгээ ч мэдэхээ байлаа гэж иргэд ярьцгааж байсан. Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй утаагүй зуух төсөл дууссаны дараагаар хэрэгжүүлэх бас нэг төсөл бол Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөгжлийн ассоциациас Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл аж. Энэ төслийн санхүүжилтэд зориулж 15 сая ам.долларыг 25 жилийн хугацаатай жилийн 1.25 хувийн хүүтэйгээр авахаар төлөвлөжээ.
T.Дулам

Сэтгэгдэл ( 0 )