ЮНЕСКО болон Интерпол-ын Нарийн бичгийн дарга нарын газрын шугамаар хэрэгжиж буй “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд Италийн Карабиниери (цагдаагийн байгууллага)-гийн Соёлын өвийг хамгаалах албаны туршлагыг судлахаар Монгол Улсын холбогдох яам, агентлагийн ажилтнууд энэ сарын 9-12-ны өдрүүдэд Ром хотод сургалтад хамрагдаж байна.
Сургалтын нээлтэд Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар оролцож италийн талд талархал илэрхийлэн, хамтын ажиллагааны талаар товч үг хэлэв.
Итали Улсын хууль сахиулах холбогдох байгууллагууд нь соёлын өвийг хамгаалах, тэдгээрийг хууль бусаар наймаалах, ашиглахтай тэмцэх чиглэлээр багагүй туршлага хуримтлуулсан бөгөөд энэ чиглэлээр манай улсын Засгийн газар Италийн талтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаа юм.
Дашрамд дурдахад “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монголын талд шилжүүлэх үйл ажиллагаанд Италийн Карабиниеригийн Соёлын өвийг хамгаалах алба чухал хувь нэмэр оруулж ажилласан билээ.

Сэтгэгдэл ( 0 )