Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатай “КАНСАТ” үндэсний анхдугаар тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Олон улсад Кансат (CanSat, can-лааз, sat-хиймэл дагуул гэсэн утгатай өөрөөр хэлбэр лаазанд багтах хэмжээний сонирхогчийн хиймэл дагуул юм) хэмээх диаметр нь 66 мм, өндөр нь 115 мм бүхий ундааны лаазанд багтахуйц 350 гм орчим жинтэй,өртөг багатай хиймэл дагуулын энэхүү төрлийг их дээд, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон эрдэм шинжилгээний туршилтын зорилгоор өргөнөөр зохион бүтээж, хөөргөн ашиглаж байна. Кансат нь сансрын уудамд ашиглагдах олон төрлийн зориулалт бүхий хиймэл дагуулын системүүдийн технологийн бүтцийг ерөнхийд нь агуулсан байдаг тул сансрын технологийн чиглэлээр сургалт судалгаа хийдэг их, дээд сургуулиудын хүрээнд оюутан сурагчид ихээр судалж, сургалтын бааз, материал болгон ашигладагаараа ихээхэн ач холбогдолтой. Сансрын технологийн чиглэлээр дэлхийн олон орнуудад оюутан, залуучуудын дунд ”Кансат” тэмцээнийг өргөн дэлгэр зохион байгуулдаг ба энэ тэмцээнээр дамжуулан залуусыг хиймэл дагуулын дэвшилтэт олон төрлийн техник технологи ойлгох хандлага болон онол практикийг хослуулан эзэмшихэд нь маш үр дүнтэй байгаа нь олон туршилтаар нотлогдож эхэлсэн хэмээн салбарын мэргэжилтэн, судлаачид дүгнэсэн байдаг. Манай Улсын хувьд анх удаагаа МУИС-ийн Физик, электроникийн сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хамтарсан баг 2012 оны 07 сард Испани Улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд амжилттай оролцож алт, хүрэл медалиудыг авч байсан билээ. МонголУлсын Засгийн газраас “Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд сансарын технологийг хөгжүүлэх, нутагшуулах чиглэлээр анхаарал тавин ажиллаж байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар “КАНСАТ” үндэсний уралдааныг Монголд анх удаа зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү уралдааны үндсэн зорилго нь Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын түвшинд нийцсэн үндэсний сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж ашиглах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэх, сансрын инженерчлэлийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх юм. Энэхүү анхдугаар тэмцээнддолоон их, дээд сургууль оролцсон МУИС-ийн ФЭС-ийн 1 баг, ШУТИС-ийн ХМТС-ийн 1 баг, ШУТИС-ийн КтМС-ийн 1 баг, ШУТИС-ийн МИС-ийн 1, МУИС-ийн МТС-ийн 1 баг, Батлан хамгаалах их сургууль – Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтарсан 1 баг нийт 6 багийн 30 оюутан, 6 багш бүхий бүрэлхүүнтэй багууд өрсөлдөнө. Тэмцээний хүрээнд “КАНСАТ”-ийг хөөргөх Монголд анх удаа үзүүлбэр тоглолт хийх: Сургалтанд хамрагдсан багууд өөрсдийн бүтээсэн зүйлүүдийнхээ давуу талуудыг бусаддаа харуулах, сургалтын үеэр хийсэн сонирхогчийн хиймэл дагуулыг хөөргөх үзүүлбэр тоглолтыг олон нийтийг хамруулан зохион байгуулах бөгөөд энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хөөрсөн анхны сонирхогчийн хиймэл дагуул байх юм. Амжилттай оролцсон нэг багийг шалгаруулж Олон улсын “КАНСАТ”-ийн тэмцээнд оролцуулахбөгөөд энэ нь Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд таниулах төдийгүй энэ чиглэлийн судалгаа шинжилгээний үйл ажиллагаа өргөжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан суралцах боломжийг нээж өгөх юм. Нийт оролцогч багуудыг “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨК, “Монголын Цахилгаан Холбоо” ХК, Мобиком корпораци, Орбитнэт компани, Инкомнэткомпани болон Жи Мобайл компани зэрэг мэдээлэл холбооны тэргүүлэгч компаниуд ивээн тэтгэн оролцож байна. Мөн Мовиком компаниас ивээн тэтгэж Монголд анхны“Нано хиймэл дагуул”-ын лабораторийг байгуулж МУИС-ийн ФЭС-д өнөөдөр хүлээлгэн өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top