БНСУ-д буй Монголчууддаа тайван байхыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Солонгосын хойгийн өнөөгийн улс төрийн байдлын талаар санаа зовж манай олон иргэн ЭСЯ-ндаа хандаж  байгаа аж. Үүнтэй холбогдуулан  тус улсад хоёр сарын өмнө томилогдон суугаа элчин сайд Б.Ганболд иргэддээ хандан  санаа бодол, байр сууриа илэрхийлжээ.

Сүүлийн үед Хойд Солонгосын зүгээс цэрэг дайны агуулгаар ихээхэн хүчтэй мэдэгдлүүд хийж, талууд хариу цохилт хийхэд бэлэн гэсэн утгаар хойгийн улс төрийн нөхцөл байдал төвөгтэй байгааг ЭСЯ маш сайн мэдрэн энэ талаар өндөр мэдээлэлтэй байгаагаа хэллээ. Хоёр Солонгосын өнөөгийн байдал суртал ухуулгын маш хүчтэй сөргөлдөөн мөн. Харин дайн, байлдааны нөхцөл бодитоор үүсээгүй цаашид үүсэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа дурджээ. Хойд Солонгос үнэн хэрэгтээ зэвсгээр халдах, тэр тусмаа Өмнөд Солонгос байлдааны ямар нэг алхам түрүүлж хийхгүй гэдэг нь тодорхой байна. Ямарч байсан Солонгосын хойг дээр дайн дэгдэх нөхцөл байдал бий болохгүй гэдгийг дотоод гадаадын улс төрийнхөн, батлан хамгаалахын мэргэжилтнүүд, эрдэмтэд судлаачид батлан хэлж байгаа юм. Хэрэв байлдаан болж гэмээн манай ард иргэдэдийн амь насанд аюул занал учрах хэмжээнд байдал хүндрэхгүй гэж элчин сайд дурджээ. Учир нь БНСУ-ын зэвсэгт хүчин өөрийн улсаа бүрэн хамгаална гэж мэдэгдэж байгаа аж.

Монгол Улсын ЭСЯ суугаа орныхоо дээрх бэлэн байдал, байр сууринд эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй. БНАСАУ-ын тал ч гэсэн үүссэн нөхцөл байдалд ухаалгаар хандана гэдэгт олон улс итгэлтэй байгаа.

Энэ бүхнийг жирийн солонгос иргэдийн өдөр тутмын тайван аж байдал, ажил хөдөлмөртөө анхаарсан байдлаас ч харж болно гэжээ. Тиймээс манай иргэд ажил сурлагадаа урьдын адил анхаарч, тайван байхыг уриалжээ. ЭСЯ-ны хувьд иргэдтэйгээ байнга холбоотой байж, иргэдийнхээ санал хүсэлтийг бүхий л сувгаар хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах болно гэдгээ мэдэгдсэн байна. гэсэн ч Өмнөд Солонгост амьдарч байгаа болон амарч яваа гадаад иргэдийг тус улсыг орхихыг Пхеньян сануулсан байгаа. БНАСУ-ын эрх баригчид дайн эхэлсэн тохиолдолд тус улсаас яаралтай дүрвэн гарах талаар бодож үзэхийг гадаадын иргэдэд зөвлөсөн байна. Тэд гадаадын иргэдэд муу юм хийхийг хүсэхгүй байгаагаа ийнхүү илэрхийлэв. Өмнө нь тус улс өөр улс орны элчин сайдын яамны ажилтнуудыг нутагтаа буцахыг зөвлөж байсан бөгөөд үүнийгээ дөрөвдүгээр сарын 10-наас хойш тэдний аюулгүй байдлыг хангаж чадахгүй тул хэмээн тайлбарласан байна. Түүнээс гадна дундын тусгалтай баллистик “Мусудан” пуужинг Японы арал руу харвахаар төлөвлөж байгаа бололтой. Өмнөд Солонгосын тагнуулчдын мэдээгээр энэхүү үйл явдал дөрөвдүгээр сарын 15-нд буюу Ким Ир Сений төрсөн өдөр болох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top