“Монгол наадам цогцолбор”-ыг барихаар төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Энэ жилийн наадмаас өмнө "Хүй долоон худаг"-ийн орчныг тохижуулан үйлчилгээний цогцолбор барихаар төлөвлөж байгаа аж.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссийн гишүүд “Хүй долоон худаг”-т ажилласан байна.  “Хүй долоон худаг”-т Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор 8 жил болж байгаа ч  наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин одоог хүртэл бүрдэж чадаагүй байгаа юм. Жил жилийн наадмаар хурдан хүлгийн уралдааныг үзэхээр наадамчин олон энд цугладаг ч тоосжилт ихтэй, худалдаа үйлчилгээ явуулахад тохиромжгүй, нийтийн бие засах газрын хүрэлцээ муу, уралдаж байгаа морьдыг харах боломж бага зэрэг олон бэрхшээл байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Монгол наадам цогцолбор” барихаар төлөвлөөд байгаа юм. Тиймээс энэ жилийн баяр наадмаас өмнө тухайн цогцолбортой уялдуулж, “Хүй долоон худаг”-т шинээр наадмын талбай барих болсон тухай танилцууллаа. “Хүй долоон худаг”-ийн 900 га талбайг 4 бүсэд хуваан тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж, 20 мянган авто машины зогсоол бүхий талбайг хатуу хучилттай болгох юм. Мөн үйлчилгээний хэсэгт 10 мянган хүн нэгэн зэрэг хооллох, 5000 хүн нэгэн зэрэг худалдаа үйлчилгээ явуулах боломжтой байхаар тусгайлан талбай засаж, энэ хэсгийн тоосжилтыг бууруулах зорилгоор эко хавтан байрлуулах юм байна. Мөн амралтын бүсийг наадамчин олны ая тухай байдлыг хангахуйцаар тохижуулж байгаагаас гадна сэрүүн асар барьж, асарт том хэмжээний LCD дэлгэц байрлуулан наадмын морьдыг үзэх боломжоор хангахаар урьдчилан төлөвлөөд байна. Түүнчлэн морьдыг гараанаас бариа хүртэл үзэж болохүйц үзэгчдийн талбай гаргаж тохижуулахаар комиссын гишүүд ярилцлаа. Наадмын үеэр хурдан морь үзэхээр ирсэн иргэд хорин хоёрын товчоогоор гарч, Шар хөвийн дөрөлжөөр давах ганц замаар зорчдог. Үүнээс болж морь бариа руу явах, буцах үед түгжрэл үүсдэг. Тиймээс энэ жилийн хувьд энэ түгжрэлийг багасгахын тулд 361-ийн гармаар буцаах маягаар тойрог хэлбэрээр зорчуулах боломжтой гэсэн юм. Баяр наадмыг зохион байгуулах комисс энэхүү төслөө Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар шаардагдах хөрөнгийн асуудлыг  хэлэлцүүлэхээр болсон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Damdinsuren(203.194.114.252) 2025 оны 03 сарын 13

Jild gants ashiglakhad yumand zardal gargakh yamar ve?

1  |  0
Top