Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлолтын улмаас гамшиг нүүрлээд буй ч эрх баригчдын хувьд асуудлыг аль болох намжааж, дарах сонирхол нь дийлжээ.
Ингэж хэлэх үндэс бий.
Ураныг олборлож, боловсруулах явцад байгаль орчин цацраг идэвхит ба химийн бодисоор бохирддог. Тиймээс ураныг энхийн болон цэрэг дайны зорилгоор ашиглахыг дэлхий нийтээрээ шүүмжилж аль болох хол байлгахыг хичээдэг болсоор удаж байна. Гэхдээ манай урд хөрш болох Хятадад атомын цахилгаан станц барих бодлогоо орхиогүй хэвээр байгаа бол сүүлийн хоёр жил манай улс атомын цахилгаан станцыг барихыг дэмжиж улс орон дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой боллоо хэмээн алгаа ташиж буй.
Гэтэл эл асуудал нэг мөр цэглэгдэхээс өмнө ураны хор уршгийн манайхан мэдэрч эхэллээ. Мэдэрч ч гэж дээ, “Арева” мэдрүүлж эхэллээ. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны олборлолт явуулж буй Францын “Арева”-гийн охин компани болох Кожеговь ХХК ураны хор хөнөөлийг мэдрүүлж эхлээд байгаа юм. Тус суманд хэдэн арван мал амьтан үхсэн боловч Цөмийн Энергийн Газраас томилогдсон байцаагчид газар дээр нь хэмжилт хийгээд “Ураны улмаас үхэр үхээгүй” гэх дүгнэлт хийж нутгийн ард олныг тайвшруулсан байдаг ч нутгийнхан албан ёсны талбар нэхэж ураны олборлолтыг зогсоохыг шаардсан ч гадныханы эрх ашгийн талд бат нот зогссон эрхтэн дархтанууд хөдөлж өгөхгүй байгаа.
ЭРХ БАРИГЧДЫГ БУРУУТГАЖ SOS ЗАРЛАХ ХАНГАЛТТАЙ БАРИМТ
ДҮГНЭЛТ-1
2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг “Зөөвчийн овоо”, “Тал хонгорын шар дов” зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч цацрагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд ЦАЦРАГ болон хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр ЦАЦРАГИЙН болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан болно. Дүгнэлтийн хариу харьяалах нутаг уруу явуулсан.
ЭНЭ БОЛ УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРТОРИ, ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРТОРИД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ
Гэтэл дээрх шинжилгээний хариуг гарсны дараахан “Залруулга” хариу цацагдсан нь энэ.
ДҮГНЭЛТ-2 БУЮУ ЗАЛРУУЛГА ХАРИУЛТ
2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг “Зөөвчийн овоо”, “Тал хонгорын шар дов” зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн хүнд элементийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан болно. Дүгнэлтийн хариуг харьяалах газар уруу явуулсан болно.
Дүгнэлт-1-ийн хуулбар бөгөөд ЗАЛРУУЛГА ДҮГНЭЛТЭЭС зөвхөн цацраг, цацрагийн гэсэн хоёр үгийг баллуурджээ.
Ухаангүй ноёдод урагшгүй албат гэж цацрагийн бохирдол илрүүлснээ улаан цайм нуух оролдлого хийж буцаж мунгинаж, ард түмний толгойг эргүүлэхийг оролдож байгаа ч Дорноговь аймгийн ард түмэн “Ураныг эсэргүүцсэн хөдөлгөөн” гэгчийг байгуулж, өнгөрсөн сарын 30-нд Сайншанд суманд уулзалт зохион байгуулжээ. Хөдөлгөөнд залуус сайн дураараа нэгдсээр байгаа бөгөөд одоогоор уран олборлолтыг эсэргүүцэн, тэмцэгчдийн тоо 2200 хүрээд байгаа юм.
Тэд аль болох улс төрөөс ангид байж, шударга хөдөлгөөн өрнүүлэхийн тулд намын харьяалалтай хүмүүсийг бага хамруулж байгаа төдийгүй иргэдийн гарын үсэг цуглуулан “Арева” компанийг Дорноговиос гаргах хүртэл арга хэмжээ аваач гэсэн утгатай шаардлага хүргүүлэхээр зэхэж байгаа юм. Ямар ч байсан Дорноговийн ард түмэн ирээдүйнхээ төлөө ийн боссоноор Монголын ард түмэн сэрж, ураны олборлолт, цөмийн цахилгаан станц, хог хаягдлыг эсрэг тууштай тэмцэнэ гэдэг итгэж суух л үлдлээ дээ, бид.
Ж.Нарангарав
Сэтгэгдэл ( 5 )
mongol uls uran haih olborloh tsag hugatsaa hugjil debshild hvreh boloogvi.50 jiliin daraa uran haih esehiig sudlaj vzeh heregtei.Uran haih ashiglah bol bodit ayul svirel daguulna shy.Hor hunuuliig ni manaih shig yaduu oron arilgaj chadahgvi.
Uchir nachiryg ni sain olooroi doo...orosuudyn horlon suitgeh ajil ch bj magadgui shuu!!!
gargah n zov. mongolchuud malchidad hamgiin ih ayultai
ЗӨВ
ЗӨВ ШҮҮ