Хүүхэд гэр, бүл хөгжлийн "Өнөр бүл" төвийнхөн насанд хүрээгүй 14 хүүхдийг хууль бусаар хил давуулсан хэргээр Эрүугийн цагдаагийн газарт шалгуулж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тус төвийн хүүхдүүдийг өнгөрсөн оны намар Хөх хотод сургуульд суулгах нэрээр хилээр гаргасан ч тариан талбайд ажиллуулж, малын хашаа хороо цэвэрлүүлж байжээ. Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхэд гэр, бүл хөгжлийн "Өнөр бүл" төвийнхөн энэ мэдээлэхдээ "Хүүхэд асран хүмүүжүүлэх төв нэртэй байсан уг газар шинэ бүтэц, зохион байгуулалтад ороод зургаан сар болж байна.
Удирдлага солигдохоос өмнө 14 хүүхэд Өвөрмонголын Монгол үндэсний сургуульд гэрээгээр сурахаар явсан. Хичээл сурлагын байдал ямар түвшинд байгааг тодорхойлж, амьдрах орчин нөхцөлд дүн шинжилгээ хийх зорилгоор тэдэнтэй уулзсан. Тэгэхэд хичээл сурлагын хувьд тааруу байсан төдийгүй Хятад хэлийг маш бага сурч байгааг нь мэдээд эргүүлээд авчиръя гэж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд манай төвийн хоёр багш, шинээр томилогдсон захирал эдгээр хүүхдүүдийг эх оронд нь авчирсан. Тэд бүгдээрээ эрүүл саруул ирж, сургуульдаа суралцаж байна" гэжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )