Эрүүл мэндийн яам Эбола вирусээс сэрэмжлэхийг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 14

Дэлхий нийтийг цочирдуулан анхаарлыг татаад байгаа Эбола вирусын тархалт газар авсаар байна. Эбола вируст халдвар аль ч улс оронд хэдийд ч тархах магадлалтай болсон гэж уг өвчнийг судалж байгаа эрдэмтэн судлаачид үзсэн байна.

2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар дэлхийн найман оронд 8399 хүн Эбола вирусийн халдвараар өвчилж,4033 хүн буюу 48 хувь нь нас барсан байна.

Нийт өвчлөгсдийн дунд 4,9 хувь буюу 416 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн бөгөөд 233 нь нас барсан.

Тус вируст халдвар бүртгэгдэж байгаа Баруун Африкийн улс орнууд, Испани, АНУ-д зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байх,халдвараар өвчилсөн хүнээс ялгарч буй бүхий л шингэн халдвартай тул аль болох төстэй шинж тэмдэг илэрсэн хүнтэй харьцахгүй байх, гадаадын улс орнуудад зорчиж ирснээс хойш халуурах, ядрах, толгой өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандахыг анхааруулсан байна.

Мөн дээр дурьдсантай төстэй шинж тэмдэг бүхий хүн ойр дотны хүрээлэн дунд чинь тааралдвал яаралтай ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд хандаж мэдээлэх, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажиллагсад өөрсдийн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангаж ажиллах, эбола вируст халдварын талаарх сургалтад хамрагдаж, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны www.moh.mn  болон ДЭМБ-ын www.who.int  цахим хуудаснаас авч байх, иргэн хүн бүр сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top