Хавдартай тэмцэх 14 хоногийн аян явагдаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

 Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн 11 сарын эхний 14 хоногт “Хавдартай тэмцэх” 14 хоногийн аян”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ жил Эрүүл мэндийн яам, ДЭМБ-тай хамтран “Элэгний хорт хавдраас сэргийлье” уриан дор энэхүү аяныг зохион байгуулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хавдрын судалгааны агентлагийн мэдээгээр 2012 онд дэлхийд 14,1 сая хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсон ба 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барсан байна. 2012 оны судалгаагаар 2025 он гэхэд дэлхийд жилд 19,3 сая хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэнэ гэж тооцоолжээ.

Монгол улсын хүн амын нас баралтын шалтгааны дунд хорт хавдар нь зүрх судасны тогтолцооны өвчний дараа хоёрдугаарт орж, нас барж буй 5 хүний нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Ийнхүү хорт хавдрын нас баралт өндөр байгаа нь хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдлын 70 гаруй хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож буйтай холбоотой. Түүнчлэн манай хүн амын дунд архи, тамхины хэрэглээ өндөр, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт гэх мэт хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалт өндөр хэвээр байна.

ДЭМБ-ын судалгаагаар орчны хортой нөлөө, хүний амьдралын буруу дадал заншил, зохисгүй хооллолт, архи, тамхи зэрэг эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлснээр хорт хавдрын гуравны нэгээс сэргийлэх боломжтой гэдэг нь батлагдсан. Иймээс хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжийн талаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын дадал, хандлага төлөвшүүлэх нь хорт хавдраас сэргийлэх арга замын нэг билээ.

Аяны хүрээнд өсвар үе, залууст зориулсан хорт хавдар болон түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн талаар Facebook group, twitter ажиллуулж санал солилцож зөвлөгөө мэдээлэл өгөх, хорт хавдар үүсэхэд нөлөөлөх халдварын бус гаралтай хүчин зүйлийн нэг болох зөв зохистой хооллолтын талаар цахим өдөрлөг зохион байгуулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон санамж, зөвлөмж, зурагт хуудас бэлтгэн олон нийтэд түгээх мөн өдөрлөг, уулзалт зохион байгуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top