Түнхний төрөлхийн мултрал гэдгийг анагаах ухааны хэллэгээр түнхний үений дисплази гэдэг. Дисплази гэдэг нь ямар нэг эрхтэн, эсвэл эд эсийг бvрэлдэх явцад бий болоход үүссэн гажиг. Өөрөөр хэлбэл энэ ерөнхий нэр томъё юм.
Эхийн хэвлийд байгаа хvvхдийн тулгуур эрхэтэнvvд нь 4-5 дахь долоо хоногтойгоос нь vvсч эхэлдэг ч төрсний дараа, хөлд орсон үед нь бойжиж гүйцдэг юм байна. Энэ хугацааны ямар ч шатанд нь согог гарч болно.
Согог бий болсон үед холбогч эдийн хөгжилд гэмтэл гарч үеийн хэт хөдөлгөөнтэй байдал нь холбогч эдийн сул байдалтай хавсарна. Иймд түнхний мултрал гэж хар ярианд яригддаг онош нь дотроо илүү нарийн зүйл байдаг ажээ. Түнхний үений дисплази нь дотроо мултралын өмнөх /предвывих/, хагас мултрал /повывих/ ба мултрал /вывих/ гэсэн гурван янз байдаг.
Мөн үүнээс гадна дутуу боловорсон түнхний үе /энэ үед түнхний үений толгой нь ямар нэг байдлаар хөдлөөгүй байх нь олонтаа тул ийм үед ямар нэг тусгай эмчилгээ хийдггүй байна/ гэсэн тусдаа бүлэг байдаг.
Шалтгаан
Түнхний мултрал гэдэг нь үеийг бүрдүүлэгч элементүүд нь гүйцэд боловсроогүйгээс үүдэлтэй. Энэ нь холбогч эдийг үүсэхэд бий болсон анхдагч гажигтай холбоотой байж болдог. Энд удамшлын шалтгаан давамгайлах үүрэг гүйцэтгэдэг бол байгаль орчны хортой нөлөө болон жирэмсний үеийн дааврын алдагдал нь бага үүрэгтэй. Эх, эсвэл ойрын төрлийн хүмүүсийн дунд төрөлхийн түнхний мултралтай хүн байгаа бол эрсдэл нэмэгдэнэ.
Эмэгтэй хүүхдэд эрэгтэй хүүхдээс тав дахин илүү тохиолддог. Мөн хэвлийд хүүхдийн аарцаг нь түрүүлэх /тазовое предлежение/ байрлалтай байгаа үед илүү тохиолддог байна. Ийм байрлалтай үед үенүүдийн, ялангуяа түнхний үеийн хөдөлгөөн багасдаг. Гэтэл үеийн хэвийн хөгжихийн тулд үе нь өөрийн боломжинд тохирсон хөдөлгөөнтэй байх ёстой байдаг аж.
Мөн жин багатай /2500 граммаас бага/ нярайд ажиглагдах нь цөөнгүй. Ургийн жин бага байна гэдэг нь гол төлөв булчингийн эд бага байна гэсэн үг бөгөөд энэ нь үеийг буруу хөгжих магадлалыг нь нэмэгдүүлж байгаа хэрэг.
Мөн хүүхдийн хэвлий дэх хөдөлгөөнийг багасгах нөлөө үзүүлж болзошгүй эхийн эмэгтэйчүүдийн өвчин нь эрсдлийн хүчин зүйл болж болзошгүй.
Шинж тэмдэг
Түнхний мултралын үед хэдий чинээ эрт илрүүлж арга хэмжээ авах тусам үр дүн нь сайн байна. Иймд амаржих газар нарийн үзлэг хийх явцад эмгэгийг илрүүлэх боломжтой. Түнхний мултралтай байж болзошгүй гэсэн сэжиг байх төдийд л хүүхдийг амаржих газраас гарсан даруйд нь ортопед /тулгуур эрхтэний/ эмчид үзүүлэх ёстой. Үүний дараа хэсгийн эмч нь хүүхдийг 1 сартайд нь, гурван сартайд нь, 6 сартайд нь, нэг ойтоод нь үзнэ.
Эмчид үзүүлэхээс өмнө эцэг, эхчүүд өөрсдөө анхааралтай ажиглавал түнхний мултралыг шинж тэмдэгийг анзаарах боломжтой /нэг талыг мултралтай үед/. Эдгээрт:
- нэг хөл нь богино
- гуян дээр нэмэлт нугалаас гарсан
- өгзөгний нугалаас болон өгзөг нь тэгш хэмгүй
- гуяыг идэвхгүйгээр салгахад хязгаарлал үүсэх. Үүний тулд хүүхдийн дээш нь харуулан хэвтүүлээд хоёр хөлийг нь өвдөг болон түнхний үеэр нь нугалаад аажуухан, зөөлөн хоёр тийш нь салгана. Ингэхэд гэмтсэн үетэй тал нь хөдөлгөөн нь хязгаарлагдмал байна.
Оношлогоо
Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед ортопед эмчид цаг алдалгүй үзүүлэх шаардлагатай. Эмч үзлэг хийгээд шаардлагатай гэж үзвэл түнхний үений хэт авиад харуулах заал хийнэ /эхо/. Мөн түнхний үений рентген зураг авахуулах заалт өгч болно. Улмар үнэхээр түнхний мултралт байна уу үгүй юу гэдгийг зөвхөн мэргэжлийн эмч дээрх шинжилгээг үндэслэн хийнэ. Элдэв бариач, үзмэрчээр явж цаг алдах хэрэггүй.
Эмчилгээ
Түнхний төрөлхийн мултралын эмчилгээ хэдий чинээ эрт эхэлнэ үр дүн нь сайн байх магадлал төдий чинээ сайн. Түнхний мултралын үед бүх эмчилгээг зөвхөн эмчийн заалтын дагуу хийнэ.
Хүүхдэд түнхний мултрал байж болзошгүй байсан ч оношлогдоогүй бол мултралтаас сэргийлэхийн тулд хоёр хөлийнх нь завсар жижиг дэр, эсвэл хуйлсан даавуу хийж өлгийдэх, эсвэл огт өлгийдэхгүй байх аргыг хэрэглэдэг. Ингэснээрээ хөлийг дунд чөмөгний толгой нь түнхэнд хэвийн байрлалтай байлгах нөхцлийг хангаж өгнө.
Африк, Солонгос, Вьетнам зэрэг хүүхдийг сул, эсвэл огт өлгийдэггүй орнуудад түнхний төрөлхийн мултрал нь тун цөөн таардаг нь үүнтэй холбоотой байх.
Харин түнхний мултралтай нь нотлогдсон бол эмчилгээг цаг алдалгүй эхэлнэ. Мултралын эмчилгээ нь харьцангуй удаан хугацааны, цогц арга хэмжээ байдаг. Мултралын зэрэг, хүнд хөнгөнөөс шалтгаалаад мэргэжлийн эмчийн зааврын дагуу чөлөөтэй өлгийдэх, тусгай иллэг хийх, тусгай холдуулагч чиг ашиглах, гипсдэх зэрэг олон аргыг ашигладаг.
Энэ бүх эмчилгээ нь түнх ба дунд чөмөгний толгойн гэсэн үеийн бүх элементүүдийг хэвийн хөгжихөд нь хамгийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм. Ямар аргыг, ямар үед хэрэглэхийг зөвхөн мэргэжлийн эмч л заах эрхтэйг анхаараарай.
Иллэг, массаж
Иллэгийг өвхөн эмчийн заалтын дагуу хийнэ.
Бүх дасгалуудыг хатуу гадаргуй дээр хийнэ. Иллэгийг өдөрт 1 удаа, цатгалан, сайхан ааштай, тайван үед нь хийнэ. 10-15 удаагийн иллэг нь нэг курс болно. Үр дүнг нь сайжруулахын тулд 2-3 курс байвал сайн гэж үздэг. Курс хооронд 1-1,5 сарын завсарлага хийнэ.
Иллэгийг хүүхдийг дээш харуулан хэвтүүлэн бүх үеийг хамруулан хийж болно. Эсвэл дээш харуулаад гуяны дээд хэсгийг (зураг.1, зураг.2), доош нь харуулаад гуяны ар талд нь иллэг хийж болно.
Зөөлөн илэхээс эхэлнэ. Ингэхдээ гараа хүүхдийн түнхний хэсэгт тулгаад хүчтэй даралгүй, арьсан дээгүүр гулгуулах маягаар илнэ /арьсыг үрчийлгэж, шахахгүй/. (Зураг 3a, 3b, 3c).
Эрхий болон долоовор хуруу, эсвэл алгаараа эргэлдэх хөдөлгөөн хийнэ. Ингэхдээ гуяны дотор тал, бэлиг эрхтэн орчимд иллэг хийхгүй. (Зураг. 4a, 4b). 3-5 минут орчим зөөлөөн илээд арай хүчтэй дарж иллэг хийж эхэлнэ. Хүүхдийн арьсыг өмнөхөөс арай хүчтэй дарах бөгөөд гар арьсан дээгүүр гулгахгүй, харин арьсыг шахаж хөдөлгөнө. Гэмтсэн хэсгийн үед ингэж иллэг хийх нь сайн нөлөө үзүүлдэг. Хурууныхаа өндгөөр хийвэд сайн. Илэхтэй адил аргаар хийсэн ч болно. Үргэлжлэх хугацаа нь 10 минут.
Ууц нуруу (Зураг. 5a, 5b, 5c), өгзөг(Зураг. 6a, 6b), хөлөнд (Зураг. 7a, 7b, 7c) дээрх аргаар иллэг хийх нь сайн.
Багажууд
Гурваас илүү сартай хүүхдийг зөвхөн чөлөөтэй өлгийдөх аргаар хөлийг нь бага зэрэг алцайлгасан байдалд тогтоох хүнд болж ирдэг тул зөвхөн эмчийн заалтаар тэлэгч чигтэй, Фрейкийн дэртэй өлгийдөх, Павликийн дөрөө зэргийг багажуудыг ашигладаг.
Павликийн дөрөө
Энэ багаж нь гуяыг түнхээр нь нугалж арагш нь болгосон чигт тогтооон барьдаг бөгөөд хөл хоорондын зайг аажмаар холдуулдаг. Павликийн дөрөөг түнхний үед хамгийн бага сөрөг нөлөөтэй, эцэг эх болон хүүхдэд хамгийн эвтэй багаж гэж үздэг.
Явахад зориулагдсан тэлэгч чиг
Энэ нь багаж нь хүүхдэд явах боломж олгодог бөгөөд 11 сартайгаас нь эхлэн өмсгөдөг.
Фрейкийн дэр
Энэ багаж нь гуяыг түнхээр нь нугалж арагш нь болгосон чигт тогтооон барьдаг.
Эдгээр бүх эмчилгээ, багаж хэрэгслийг зөвхөн эмчийн заалтын дагуу хэрэглэдэг гэдгийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
medej bhad iluudehgui,,,