Хэрэв та жирэмсэн болсон бол өөртөө сэтгэл санааны болон бие махбодийн талаас анхаарал тавих нь чухал. Та дараах хэдэн зарчмуудыг мөрдсөнөөр өөрийн жирэмсний хэвийн явц болон эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлэх болно.
Жирэмсний хяналтанд эрт орох
Сайн жирэмсний хяналт бол танд болон таны хүүхдэд маш чухал ач холбогдолтой. Эмчтэйгээ холбоо барьж жирэмсний анхны үзлэгт хэзээ орохоо төлөвлөөрөй. Энэ үзлэгийн үед таны жирэмслэлтийн хэвийн явцыг хянаж хүндрэл үүсэхээс сэргийлэх болно. Хэрэв та хяналтанд орох эмчээ сонгоогүй байгаа бол одооноос бодож эхлэх хэрэгтэй.
Зөв хооллолт
Одоо та хоёр хүнд зориулж хооллох хэрэгтэй боллоо. Магадгүй хоногт зөвхөн 300 каллори нэмэлтээр хэрэгтэй гэдэгт та гайхаж байж болно. Уурагаар баялаг хоол хэрэглэх шаардлагатай. Хэрэв та жирэмсэн болохоосоо өмнө өдөрт 45 грам уураг хэрэглэдэг байсан бол одоо 70 грам хэрэгтэй. Мөн кальцийн хэрэгцээ бас нэмэгдэнэ. Та дутуу шарсан өндөг, шүүрхий болгосон мах, хөөрүүлээгүй сүү болон далайн гаралтай түүхий бүтээгдэхүүн болон хагас боловсоруулсан мах махан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь таны хүүхдэд таагүй нөлөө үүсгэж болно. Мөн загас мөнгөн ус болон бусад бохирдуулагч бодис их хэмжээгээр агуулсан байж болох тул хэрэглэхээс татгалзаарай.
Жирэмсний витамин хэрэглэх
Ихэнх жирэмсний витаминууд бусад стандарт мултивитаминуудтай харьцуулахад фолийн хүчил болон төмөрийг илүү хэмжээгээр агуулсан байдаг. Жирэмсэн болохоос өмнө болон жирэмсний эрт хугацаанд фолийн хүчил хэрэглэх нь чухал ач холбогдолтой. Фолийн хүчил хэрэглэснээр урагт мэдрэлийн гуурсны төрлөхийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулдаг. Та жирэмсэн болохын урд сараас эхлэн хоногт 400 микрограм фолийн хүчил хэрэглэж байх нь тохиромжтой. Харин жирэмсэн болсны дараагаар хоногт 600 микрограм болгон хэмжээг нь нэмэгдүүлээрэй. Та мөн төмөр хангалттай авч байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Таны төмрийн хэрэгцээ жирэмсний хоёр болон гурав дах гурван сарын хугацаанд илэрхий өсдөг. Харин эдгээрийг хэрэгцээнээс илүү гарган ихээр хэрэглэх нь хортой гэдэгийг сайтар ойлгоорой. Витамины их хэмжээний тун, олон нэмэлт бүтээгдэхүүн, ургамалын бэлдмэлүүдийг эмчийн зааваргүй хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Дасгал тогтмол хийх
Сайн дасгалын программ нь таныг жирэмсэн үеийн илүүдэл жингээс сэргийлэх, эрч хүчтэй байлгах, янз бүрийн таагүй мэдрэмж өвдөлтөөс сэргийлэх, хөлний цусны эргэлтийг сайжруулах ,жирэмсний үеийн стрессийг давахад туслах зэрэг олон талын чухал ач холбогдолтой. Мөн таныг хүүхдээ төрүүлсний дараагаар хэвийн байдалдаа ороход хялбар байх болно. Дасгал хөдөлгөөн нь стрессийг бууруулах чухал арга болж өгдөг. Судлаачдын тогтоосноор хөдөлгөөний идэвхтэй байх нь таны цусан дах серотиний түвшинг ихэсгэж өгдөг. Энэ нь хүний тархины идэвтэй ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэсэн дүн гарчээ. Гэхдээ хэт ачаалал авах, хүнд юм өргөх хэт халах болон усгүйжихээс сэргийлэх хэрэгтэй гэдэгийг бүү мартаарай( жирэмсэн байхдээ саун, халуун баннд суухаас зайлсхийх хэрэгтэй).
Амралтаа тохируулах
Жирэмсний эхний болон хоёр дах гурван сард залхуу хүрэх, амархан ядрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Үүнийг зохицуулах амархан, та ихийг хийж чадна. Хэрэв та өдөр унтаж чадахгүй байвал өөрийн хийх бусад хөнгөн зүйлсээс хийж болно. Мөн хөлөө өндөр юман дээр тавиад ном унших юмуу сэтгүүл үзэж болно. Иога, сунгалтын дасгал, гүнзгий амьсгалах, массаж хийлгэх зэрэг амралтын техникүүд нь таныг стрессээс гаргах сайн арга болохоос гадна нойронд сайн болгоно.
Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
Та жирэмсэн байхдаа ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Таны уусан согтууруулах ундаа таны цусны урсгалд орж ихсээр нэвтрэн таны хүүхдэд хурдан хүрдэг. Эцэст нь таны хүүхдийн цусанд таныхаас их хэмжээтэй алкоголийн түвшин үүсгэдэг. Өдөрт бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх нь таны хүүхдийг жин багатай төрөхөөс гадна хэлд удаан орох, анхаарал төвлөрөлтийн хүндрэл, сурлагын хоцрогдол, хэт цочимхой болох зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. Судлаачид согтууруулах ундаа долоо хоногт нэг удаа хэрэглэдэг байсан эхээс төрсөн хүүхэд хэрэглэдэггүй байсан хүний хүүхэдтэй харьцуулахад ширүүн зан авиртай, зан байдлын гажуудалтай байсныг тогтоосон байна. Согтууруулах ундаа хэрэглэдэг эхээс ургийн согтуурлын хам шинжтэй хүүхэд төрөх эрсдэл их байдаг. Энэ хам шинжид оюун ухааны болон хөгжлийн хоцрогдол, зан төрхийн өөрчлөлт, нүүр болон зүрхний гажиг зэрэг өөрчлөлтүүд багтдаг. Мөн согтууруулах ундаа хэрэглэх нь зулбах болон ураг амьгүй төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд жирэмсэн болсон болон жирэмсэн болох магадлалтай эмэгтэйчүүд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Шаардлагагүй эмийн хэрэглээнээс татгалзах
Таны хэрэглэсэн ямарч эмийн бодис таны цусаар дамжин хүүхдэд тань очиж үйлчлэх болно. Ялангуяа жирэмсний эхний гурван сард хүүхдийн эрхтэн системүүд үүсч хөгжиж байдаг байдаг тул эмийн бодисын нөлөөлөлд хамгийн эмзэг мэдрэмтгий үе байдаг. Хэрэв та жирэмсэн болсноо мэдэхээс өмнө эм ууж байсан бол хэрэглэхээ зогсоож эмчийн зөвлөгөө аваарай.
Тамхи татахгүй байх
Тамхи татах нь зулбах, өсөлтийн хоцрогдол үүсэх, ихэс ховхрох, дутуу төрөлт зэрэг хүндрэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Зарим судлаачид тамхитай холбоотойгоор уруул тагнайн сэтэрхий, хэвлийн урд ханын гажиг үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг. Жирэмсний хугацаанд тамхи татах нь таны хүүхдийг хэвлий дотроо болон төрсний дараа нярай үедээ нас барах хүндрэл үүсгэхэд нөлөөлнө. Тамхинаас гарах нь хэзээ ч оройтохгүй. Та нэг ч гэсэн тамхи татаагүйгээрээ хүүхэддээ эрүүл өсч хөгжих боломж өгч байна гэсэн үг.
Каффейн хэрэглэхээс татгалзах
Эмэгтэй хүний каффейны хэрэглээ хоногт 200 мг аас бага байхийг зөвлөдөг. Энэ зөвлөмж 2008 онд хийсэн каффейн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд зулбах магадлал хоёр дахин их байдаг гэсэн судалгаанаас үндэслэн гарчээ. Үүнээс гадна каффейнд тэжээлийн бодис байдаггүй бөгөөд харин ч таны биед төмрийн шимэгдэх процессийг саатуулдаг байна. Мөн үүнийг хэрэглэснээс болж нойронд муу болох, толгой өвдөх, цээж гашуу оргих зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Коффее хэрэглэхээс татгалзах эсвэл каффейнгүй коффее хэрэглэх хэрэгтэй. Мөн каффейн агуулсан бусад бүтээгдэхүүд тухайлбал ундаа, шоклад, коффеетэй зайрмаг болон толгой өвдөх, ханиад хүрэх, харшлын үед уудаг зарим эмийн бодисуудыг хэрэгэлхээс зайлсхийгээрэй.
Орчноо аюулгүй болгох
Зарим төрлийн ажил таны хүүхдийн өсөлт хөгжилтөнд таагүй нөлөө үзүүлж болдог. Хэрэв та химийн бодис, хүнд металл, биологийн зарим агент, цацраг зэрэгтэй холбоотой ажил хийдэг бол ажлаа даруй солих шаардлагатай. Зарим төрлийн гэр ахуй цэвэрлэгээний бодис, шавь устгагч, шингэлэгч уусмал болон хуучин крантны зэвтэй ус зэрэг нь хорт нөлөө үзүүлж болох тул хэрэглэхээс зайлсхий. Өөрийн амьдарч байгаа орчин болон ажлын нөхцөл байдлын талаар хяналтын эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө аваарай.
Шүдний эмчид очих
Амны хөндийн эрүүл ахуйн тухай мартаж болохгүй. Шүдээ байнга угааж зориулалтын чигчлүүрээр цэвэрлэж байх хэрэгтэй. Жирэмсэн үеийн дааврийн өөрчлөлтөөс болж буйлны үрэвсэл амархан үүсэх эрсдэлтэй болдог. Прогестрон болон эстроген дааврын түвшин ихэссэнээс болж буйланд бактерийн өсөж үржих нөхцөл бүрдсэний улмаас буйл хавдах, цус гарах, эмзэглэл ихтэй болдог. Иймд сүүлийн 6 сар шүдний эмчид очоогүй бол даруй очиж үзлэгт ороорой.
Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавих
Жирэмсэн болсонтой холбоотойгоор олонх эмэгтэйчүүдэд сэтгэл санааны тогтворгүй байдал ажиглагддаг. Өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсд хэт баярлах болон сэтгэлээр унамхай болох зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хэрэв сүүлийн хоёр долоо хоногоос илүү хугацаанд таны урмыг сэргээх ямар нэг юм ажиглагдахгүй байх эсвэл сэтгэл зовсон байдал удаан үргэлжилвэл мэргэжлийн эмчийн тусламж авах шаардлагтай. Жирэмсэн үеийн сэтгэл зовоосон асуудлууд нь таны өөрийн болон хүүхдийн тань эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй.
Сэтгэгдэл ( 0 )