Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг эрүүл байлгахад анхаарч, тогтмол арчилж хамгаалж хэвшвэл хүүхдийн тань шүд эрүүл байх болно.
Шүд яагаад өвддөг вэ?
Хүүхдийн идсэн чихэрлэг зүйлийг бактерууд “идэж боловсруулснаар” амны хөндийд хүчиллэг орчин үүснэ. Тэрхүү хүчиллэг зүйлийн нөлөөгөөр шүдний паалан, түүний доорх хэсэг цоорч нүх бий болж кариес буюу шүд хорхойдолт үүсдэг ажээ.
Түүнчлэн хоолны үлдэгдэл (жишээлбэл цардуул)-ийг цэвэрлээгүй тохиолдолд тэр нь шүдэнд наалдаж, түүнийг бактерууд “хэрэглэнэ”. Ингэснээр наалдамтгай зүйл үүсч, тэр нь бактеруудыг хооронд нь холбон шүдэнд улам бат бөх наалдуулна. Энэ нь шүлс болон хоолны үлдэгдэлтэй холилдон шүдний өнгөр мөн шүдэн дээр зарим толбо үүсгэдэг байна. Шүдэн дээр үүссэн толбо (товруу)-ны дотор болон доор нь ихэвчлэн хүчил үүсч бий болдог байна.
Ийнхүү бактери нь чихэрлэг зүйлсийн нөлөөллөөр шүдэнд өөрийнхөө “үүр” (шүдэн дээрх толбо, нүх)-ийг бий болгодог ажээ.
Эцэг эх хүүхэдтэйгээ шүд өвдөхөд юу юу нөлөөлдөг талаар ярилцаж ойлголцож байх нь чухал. Тухайлбал, дараах тохиолдолд шүд амархан өвддөг.
• Чихэр, бохь, шоколад, мөхөөлдөс зэрэг чихэрлэг зүйл байнга хэрэглэвэл
• Мармелад, печень, бялуу, жимсний чанамал зэрэг чирхэрлэг зүйлс байнга идвэл
• Чихэрлэг ундаа, чихэртэй цай зэрэг саахар агуулсан зүйлс тогтмол уувал
• Зохистой хооллоогүй тохиолдолд, жишээлбэл, хоол хүнсээрээ кальц, фосфат зэрэг эрдэс давсыг хангалттай аваагүй бол
• Хэрэв бид шүдээ тогтмол, сайн угаадаггүй бол
Өдөрт ойр ойрхон чихэрлэг зүйл идэх эсвэл аманд чихэрлэг зүйл удаан хугацаагаар (жишээлбэл, чихэр байнга хүлхэх) байлгах нь хамгийн аюултай. Энэ тохиолдолд хүчиллэг зүйлс байнга шүд рүү “довтолж” байдаг ажээ. Нэгэнт шүд цоорсон тохиолдолд тэр нь өөрөө алга болно гэж байхгүй. Нүх нь томорч гүнзгийрсээр байна. Тэгээд халуун, хүйтэн зүйл ууж идэхэд өвдөнө. Яваандаа шүд үргэлжлэн өвдөж шүдний эмчид очихоос өөр аргагүйд хүрнэ
Шүд өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
Хүүхэд чихэрлэг зүйл идэхгүй байна гэж байхгүй. Гэхдээ хүүхдэдээ чихэрлэг зүйл бага хэрэглүүлэх, шүдийг нь хамгаалахтай холбогдох дараах 5 зүйлийг та хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Эдгээр нь ХБНГУ-ын Хоол хүнсний нийгэмлэгээс зөвлөмжилсөн, практикаар батлагдсан үр дүнтэй аргууд юм. (1)
1. Өглөөний цайны дараа хүүхдийн шүдийг угаалгах
2. “Чихэрлэг зүйлгүй өглөө”, “Чихэрлэг зүйлгүй үдээс өмнө”–ийг бий болгох
3. Чихэр агуулаагүй хүнс хэрэглэх давтамжийг нэмэгдүүлэх. Жишээлбэл, үдээс
хойшхи цай, ундаа чихэргүй байх
4. Унтахын өмнө шүдийг нь угаалгах, угаасны дараа юм идүүлж, уулгахгүй байх
(зөвхөн цэвэр ус, минеральний ус уулгаж болно)
5. Сургуульд орох хүртэл нь эцэг эх хүүхдийнхээ шүдийг орой унтахын өмнө
тал талаас нь нэг бүрчлэн угааж өгч байх
Гаднаас ирж буй аюул занал, түүний хамгаалалт хоёр тэнцвэртэй байх тохиолдолд бидний шүд болон буйл эрүүл байна. Элсэн чихэр, ёотон, зөгийн бал, жимсэн дэх саахар болон бусад аль ч төрлийн чихэрлэг зүйл бүгдээрээ ялгаагүй шүдэнд муугаар нөлөөлдөг. Харин бидний шүлс бол түүний эсрэг тэмцэгч байгалиас заяасан хамгаалагч. Шүлс шүдийг зайлж, хамгаалж, засаж, бэхжүүлж байдаг. Гэхдээ шүлс үүргээ гүйцэтгэхийн тулд чихрийн нөлөөлөлгүй байх тодорхой хугацааг шаарддаг байна. Тухайлбал, ойролцоогоор 8 цаг чихрийн нөлөөлөлд автсан байхад тэрхүү нөлөөллийг шүлс 16 цагийн турш эсэргүүцэн хамгаалж чаддаг ажээ. Хэрэв бид шүдээ орой угааж цэвэрлээд дараа нь чихэрлэг зүйл ууж, идэхгүй бол бүтэн шөнийн турш чихрийн нөлөөлөлгүй байна гэсэн үг. Тэгээд маргааш өглөө, үдээс өмнө нь чихэрлэг зүйл хэрэглэхгүй байвал чихрийн нөлөөлөлгүй байх цаг хугацаа уртасна.
“Чихэрлэг зүйлгүй үдээс өмнө” гэдэг нь хүүхэд өглөө шүдээ угаахаас эхлэн үд болтол чихэргүй унд, хүнс хэрэглэхийг хэлнэ. Жишээлбэл: талхтай хиам, бяслаг, жимс түүнчлэн шинэ өргөст хэмх, улаан лооль, өндөг зэргийг хэрэглэхийн зэрэгцээ чихэргүй цай, сүү ууж болох юм. Энэ тохиолдолд хүүхэд үдийн хоолон дээрээ зүсэм торт эсвэл жаахан мөхөөлдөс, түүнчлэн үдээс хойшдоо чихэр, чихэрлэг зүйлийг бага багаар идэхэд санаа зоволтгүй. Хүүхэд өдөрт 150-200-аас илүүгүй калорийг чихэрлэг зүйлээс авах нь зохистой байдаг байна. Энэ нь ойролцоогоор 5 ширхэг жижиг шоколад эсвэл 6 ширхэг чихэр, үгүй бол 40 грамм резинен чихэр эсвэл 5 ширхэг жигнэмэгтэй дүйцдэг байна (2). Бид өдөр тутам хэрэглэдэг хүнсний зүйлдээ хичнээн хэмжээний саахар агуулагдаж байгааг тэр бүр мэддэггүй. Жишээлбэл: томатны соусны дөрөвний нэг нь саахар байхад газтай хагас литр ундаанд 18 ширхэг ёотон орсон байдаг байна.
Хооллолтонд анхаарах
Хүүхдийн бие махбод шүдийг шаардлагатай амин дэм болон эрдэс бодисоор хангахын тулд тэднийг зохистой, төрөл бүрийн орц найрлага бүхий хоолоор хооллох нь чухал. Жимс, хүнсний ногоо болон сүү, цагаан идээний хэрэглээ нь хүүхэд эрүүл байх, тэр хэрээр мөн тэдний шүд эрүүл байх суурь болно. Сайн зажилж идэх шаардлагатай лууван (түүхий), самар, ааруул, бүрэн нунтаглаагүй хөх тариагаар хийсэн талх зэрэг нь хүүхдийн шүдний бэхжилтийг сайжруулна. Хооллолтын завсар хоорондох хөнгөн цайны дараа тэр бүр шүдээ угаах боломжгүй байдаг тул аль болох саахар багатай хүнсний зүйл, тухайлбал, жимс (баннанаас бусад), хүнсний ногоо, хиам, талх, бяслаг, сүү, менеральний ус, саахаргүй цай хэрэглэвэл тустай.
Хүүхэд чихрэнд дуртай байдаг. Үүнийг хориход хэцүү, үр дүн ч багатай. Иймд олон гэр бүлд үүнтэй холбогдох асуудал тасардаггүй. Өнөө үед олон төрлийн амтлаг сайхан чихэр, шоколад, мөн төрөл бүрийн чихэрлэг ундаа бий болсон нь хүүхдийн эмзэг шүдэнд аюул заналхийлсээр байна. Чихэрлэг амттанг зохистойгоор хэрэглэхтэй холбогдуулан дээр дурдсан 5 зүйлээс гадна танд тус болж мэдэх зарим санааг энд сийрүүллээ. (3)
• Хөхүүл болон угжаар байх үед нь хүүхдэд чихэрлэг болон хүчиллэг ундааг өгөхгүй байх. Энэ нь хүүхдийн сүүн шүдийг гэмтээхээс гадна цаашдаа чихэрлэг зүйлд дуртай болоход нөлөөлнө.
• Хүүхдийг өлсгөж болохгүй. Хүүхэд, бид ч гэсэн өлссөн үедээ ямар ч зүйлийг, ялангуяа чихэрлэг зүйлийг их хэмжээгээр идэх дур хүсэлтэй байдаг. Хүүхдийг өдөрт 3 удаа хооллох бөгөөд завсар хооронд нь 2 удаа хөнгөн байдлаар хооллоно. Хооллолтын хооронд тодорхой хугацааны завсарлагатай байх нь зүйтэй. Хүүхэд байнга гартаа идэх юм (ялангуяа чихэрлэг зүйл) бариастай байвал шүдэнд нь халтай.
• Хүүхэд жижиг зүйлсийг өөрөө бариад идэх сонирхолтой байдаг. Энэ тохиолдолд аманд нь тохируулан жижиглэсэн шинэ жимс илүү тохиромжтой. Мөн шинэ өргөст хэмх, амтат чинжүү, аарц зэргийг хэрэглэж болно.
• Хүүхдийн чихэрлэг зүйлс идэх сонирхлыг дарахад аль нэг үндсэн хоол нь чихэрлэг байж болно. Жишээлбэл, сүүтэй будаа, шинэ жимс, ногооны салатны хамт.
• Долоо хоногийн зарим өдөрт үдийн хоолны дараа тогтмол дессерт хэрэглэж болно. Энэ нь хүүхдэд хоолныхоо ширээнд чихэрлэг зүйлс заримдаа хэрэглэж болдог, түүний хойноос хэт дурлах хэрэггүй гэсэн мэдрэмжийг төрүүлнэ. Үүнд жимсний салат, тараган бүтээгдэхүүн илүү тохиромжтой.
• Чихэрлэг зүйлийг үндсэн хоол (өдөр, орой)-ны үеэр хэрэглэж болох бөгөөд дараа нь шүд угаахыг мартаж болохгүй.
• Чихэрлэг зүйлсийг хүүхдийн нүдэнд ил, гарт ойрхон байлгахгүй байх. Ингэснээр хүүхдэд түүнийг ойр ойрхон авч идэх зуршил тогтохоос сэргийлнэ.
• Эмээ өвөө, төрөл төрөгсөддөө хүүхдэд тааралдсан цагтаа чихэрлэг амттан өгөхгүй, бэлэглэхгүй байхыг хүсэх, учрыг нь тайлбарлах
• Өглөө хүүхдээ цэцэрлэгтээ явахад халаасанд нь чихэр, печень хийхгүй байх.