Хадаг барьж золгох ёс

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 14

Монголчууд бидний эрхэм дээд баяр болох сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдээд байгаа. Энэ баярын идээ, ундаанаас эхлээд бүгд өөрийн гэсэн ёс заншлын дагуу тэмдэглэн ирсэн уламжлалтай билээ. Тэгвэл эдийн дээд болсон хадагийг бид барьж золгодог. Уншигч таньд хадагны утга учир болоод хадаг барьж золгох ёсны талаар хүргэе.

Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байна. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ.

Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй үг хэлж сүүлд нь баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухайд доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг барьж золгох ёсон

/Хадгаа тэр хүндээ үлдээнэ/ Өндөр настан буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёстой байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг нь бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина.

Хадаг барихад хэлэх үгс

Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж илгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг

Хадагтай золгох ёсон

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүр мөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно.
Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та “энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна” гэж бодоорой.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top