”Төсөвт нөөцийн махны үнийг суулгаагүйгээс бэлтгэгч компаниуд хүнд байдалд байна”

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 05

Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын хэрэгцээнд 12 мянган тонн, Дарханы иргэдэд зориулан 1000, Орхон аймагт 1000 тонн мах нөөцлөхөөр болсон. Энэхүү үүргийг “Эм Эн Ди Эм”, “Баатруудын тэнгэр”, “Мах маркет”, “Дархан мийт фүүдс”, “Эрд мийт” зэрэг компаниуд хүлээгээд байгаа.  Гэтэл өнөө хэр нь нөөцийн мах худалдаанд гараагүй байгаа юм. 

Уг нь хоёрдугаар сарын 25-нд худалдаанд гаргахаар төлөвлөөд байсан нөөцийн мах иргэдийн гар дээр бус агуулахдаа хадгалагдаж байгаагийн учрыг  Хүнс хөдөө аж ахуйн яамнаас лавлахад “Манайхаас шалтгаалах ажлууд бүгд хийгдсэн” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Тиймээс нөөцийн мах бэлтгэгч “Баатруудын тэнгэр” компаний ерөнхий менежер Э.Ононгоос зарим асуултад хариулт авлаа.

- Махны үнэ өдрөөс өдөрт өсөж, иргэдийн дунд  нөөцийн махны хүлээлт бий болчихож. Гэтэл яагаад нөөцийн мах яагаад худалдаанд гарахгүй байна вэ?

Нөөцийн мах худалдаанд гарахад бэлэн болчихсон. Мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хяналт шалгалтаа хийгээд баталгаажуулчихсан байгаа. Гэтэл үйл ажиллагааны зардал болгож 1 кг мах тутамд олгодог 1000 төгрөгийг холбогдох яамдууд нь улсын төсөвт оруулж чадаагүй гэдэг тайлбарыг өгч байгаа. Тиймээс  нөөцийн махаа товлосон хугацаандаа худалдаанд гаргаж чадахгүй байна.  

- Мөнгө нь нэгэнт улсын төсөвт суугаагүй энэ тохиолдолд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ? 

- Компаниуд өөрсдийн үйл ажиллагааны зардалаа оруулаад 1000 төгрөгийн нэмэгдэлтэй зарна гэхээр хүндрэлтэй. Гэвч нөөцийн махны 40 хувийг өөрсдийн зардлаар 60 хувийг хөнгөлөлттэй зээлээр бэлтгэчихсэн байгаа. Тэр зээлийн хүү гэж асар их хэмжээний мөнгө бий.  Тэгэхээр үйл ажиллагааны зардлаа хасаад зарна гэхээр мөн л хэцүү байгаа юм.  Дээр нь нэмээд өмнөх оны үйл ажиллагааны зардлын үлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг  улсаас гүйцэд барагдуулаагүй байгаа.  Ер нь энэ мэт шалтгаанаас үүдэн мах бэлтгэгч компаниуд хүндхэн байдалтай байгаа.

- Нөөцийн махны үнэ нэмэгдэлтэй байх эсэх нь тодорхойгүй байна.  Тэгвэл нөөцийн мах яг хэдийд дэлгүүрийн лангуу нь дээр очих вэ? 

- Хүнс хөдөө аж ахуй яам, Сангийн яам асуудлыг шийдэхээр хөөцөлдөж байгаа гэдэг ч үр дүн нь ямар байхыг мэдэхгүй. Гэсэн ч энэ сардаа багтаад нөөцийн махыг худалдаанд гаргана.

Энэ мэт хувийн хэвшил, төр хоорондын үнийн тохироо бүрдэхгүй байгаагаас нэгэнт бэлтгэчихсэн нөөцийн мах одоог хэр нь худалдаанд гарахгүй байна. Иймээс холбогдох яам нь энэ асуудалд анхаарлаа хандуулж, нөөцийн махыг худалдаанд гаргах асуудлыг түргэвчилэх шаардлагатай байгаа юм.

А.Алтаа 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nono(202.55.180.99) 2015 оны 03 сарын 09

Odoo mahaa hudaldaand gargahgui bol oroitloo shu de.Ene uvul untei dulaan bolson bolohoor mal turaagui.Shine mah udahgui hudaldaand garaad ehleheer ter hatsan godgor har mahiig avah hun oldohgui,shatdag yum baigaa biz de.

0  |  0
Top