Эмэгтэйчүүдэд төрөлт, жирэмслэлт, сарын тэмдэг гээд маш олон асуудал тулгардаг. Zindaa.mn сайт энэ удаад спираль болон бусад асуудлуудын талаар “Гоодаль” эмнэлэгийн ерөнхий эмч Д.Алтанцэцэг, Ж.Уранболор нараас зөвлөгөө авснаа хүргэж байна.
- Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь агаарын бохирдол зэрэг гадны нөлөөнөөс болж байна уу, эсвэл хүүхэд тээж байгаа эхийн эрүүл мэндтэй холбоотой юу?
- Өсөлтгүй жирэмслэлт сүүлийн үед ихэсч байгаа. Өөрөөр хэлбэл гурван жирэмслэлт бүрийн нэг нь өсөлтгүй жирэмслэлт байгаа гэсэн тоо гарсан. Яагаад өсөлтгүй жирэмслэлт ихсээд байгаа шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Мэргэжлийн хүний үүднээс үзэхэд эмэгтэйчүүдийн өрөвсөлт өвчин, суурь өвчин болон бэлгийн замын халдварт өвчнөөс үүдэн өсөлтгүй жирэмслэлт болох магадлал өндөр байдаг. Бэлгийн замын халдварт өвчнийг эмчлүүлэхгүй удаан хугацаагаар явснаар умайг өвчлүүлж бага аарцгийг гэмтээснээр үр тогтохдоо бүрэн хэмжээний цусан хангамжийг авч чадахгүй, ихэс умайгаасаа салж цусан хангамжийн дутмагшилд орсноор өсөлтгүй болох магадлал үүсдэг. Мөн утаанаас, хүнсний бүтээгдэхүүнээс болж байгаа гэсэн таамаг байгаа боловч батлагдаагүй бөгөөд энэ нь нөлөөлөх хүчин зүйлсүүдийн тоонд орж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг жирэмслэхээс нь өмнө цусан дахь вирусүүдийн халдварыг оношилдог.
Вирусийн халдвар дотор маш олон вирусүүд багтдаг бөгөөд эдгээр нь жирэмсэн болмогц ургийг сонгомолоор гэмтээх тохиолдол сүүлийн үед элбэгшээд байгаа. Тиймээс уг вирусийн өвчлөлөөс сэргийлж эмэгтэй хүн өөрөө жирэмсэн болохоос өмнө шинжилгээ өгч эрүүлжих хэрэгтэй байдаг . Энэ бүгдээс харахад хамгийн гол нь эрүүл байж жирэмслэх нь хамгийн чухал асуудал болоод байгаа юм. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд гардаг .
- Өсөлтгүй жирэмслэлт болсон тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Ер нь эмэгтэй хүн жирэмсэн болсон цагаасаа эхлээд эмчийн хяналтанд байх зайлшгүй шаардлагатай. Эмчийн хяналтад байнга байгаа тохиолдолд өсөлтгүй жирэмслэлтэд өртөх тохиолдол маш бага. Эмэгтэйчүүд жирэмсэн болохоороо хяналтанд их хожуу орох тохиолдол элбэг байдаг. Ураг өсөлтгүй болсон тохиолдолд жирэмсний үед явагддаг хордлого, хөхөнд сүү орох гэх мэт шинж тэмдгүүд гэнэт зогсох байдлаар илэрдэг. Зарим үед жирэмсний шинж тэмдгүүд байсан ч өсөлтгүй болсон тохиолдол байдаг. Жирэмсэн эхийн доошоо өнгөтэй цусархаг зүйл гарч эхлэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
- Эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах олон аргыг сонгодог. Жирэмслэлтээс хамгаалах тариаг хэрэглэснээр биений юм алдагдах, ирэхгүй байх тохиолдол байдаг уу?
- Жирэмслэлтээс хамгаалах олон төрлийн арга байдаг. Энэ дундаа тариа нь өндгөвчнөөс ялгардаг дааврыг өндөр тунгаар хийдэг. Өндөр тунгаар уг дааврын тариаг хийдэг учраас мэдээж хэрэг эхний ээлжинд биенд өөрчлөлт орж цусархаг зүйл гарах, сарын тэмдэг бүр алга болох зэрэг зовиурууд илэрдэг. Гэхдээ тариа хийлгэсэн тохиолдол өндгөвч буцаж сэргэхдээ удаан байдаг. Учир нь тариа нь өндөр тунгаар хийгддэг учраас өндгөвчийг маш ихээр дарангуйлдаг. Олон удаа дааврын тариа хийлгэвэл эрт цэвэршилт явагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
- Эмэгтэйчүүд спираль буюу ерөндөгийг ихээр тавиулах болсон байна. Үүний гаж нөлөө гэж байгаа юу?
- Эмэгтэй хүн бага аарцгийн ямар нэгэн эмгэггүй, өрөвсөлгүй, умайн хүзүү шархгүй эрүүл байгаа тохиолдолд спираль тавих боломжтой байдаг. Манай монгол эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах хамгийн тохиромжтой арга нь энэ. Эм, суулгац, тариа бүгд их бага хэмжээгээр дааврын агууламжтай байдаг учраас заавал эмчийн заавраар хэрэглэх ёстой байдаг. Спираль нь олон төрөл байдаг. Спираль өөрөө даавар агуулаагүй механикаар жирэмслэлтээс сэргийлдэг учраас ямар нэгэн асуудал үүсгэх нь бага. Спиральийг эрүүл биш эмчилгээ шаардлагатай биен дээр болон буруу тавьсан тохиолдол өрөвсөх асуудал үүсдэг. Эрүүл умай дээр спираль тавиул хэдэн жилээр ч байж болдог онцлогтой. Ер нь спираль тавиулсан тохиолдолд зургаан сардаа нэг үзүүлэх хэрэгтэй байдаг. Спираль нь гаднаас халдвар авсан тохиолдолд шигдэх, наалдах, умай өрөвсүүлэх олон эрсдэлтэй. Энэ тохиолдолд яаралтай авахуулах шаардлагатай.
-Сүүлийн үед жирэмслэлтээс хамгаалах суулгацыг эмэгтэйчүүд ихээр сонирхох болсон. Энэ нь хүний биед хэрхэн тохирдог вэ?
- Суулгацын хувьд нэг савхтай, хоёр савхтай гэсэн суулгацуудыг тавьдаг. Үүнийг тавихдаа гарын шууны дотор талд жижигхэн мэс ажилбараар тавьдаг. Суулгац тавих нь хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд дааврын агууламж агуулдаг учир доошоо цусархаг зүйл гарах, таргалах, суулгац тавиулсан газар өрөвсөх, буцаж авахад төвөгтэй асуудлууд үүсдэг. Суулгацын сайн тал нь умай, савны өрөвсөлтэй тохиолдолд тавиулж болдог. Мөн тухайн хүний биед тохирсон тохиолдолд хэдэн ч жилээр тавиулах боломжтой байдаг.
- Олон төрлийн дааврын эмнүүд байна. Эм уухаар гаж нөлөө үзүүлээд байгаа хүмүүс байдаг. Дааврын эмийг хэрхэн сонгох вэ?
- Сүүлийн үед харьцангүй эмийн чанар сайжраад олон төрлийн эм манай улсад ороод ирсэн байгаа. Эм ч гэсэн хувь хүндээ тохирсон тохиолдолд ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүй. Ингэхийн тулд заавал эмчээс зөвлөгөө авч, эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай байдаг. Жишээ нь залуу охидууд нэг өөр эм хэрэглэх ёстой байдаг бол нас тогтсон эмэгтэйчүүд арай өөр эм хэрэглэх, цэвэршиж байх үед өөр эм хэрэглэх хэрэгтэй байдаг. Сүүлийн үед орж ирж байгаа шинэ эмнүүд гаж нөлөө үзүүлэх нь харьцангуй багассан. Зөв эмээ олж хэрэглэвэл эргүүлээд эмэгтэй хүний өндгөвчинд сайнаар нөлөөлдөг. Өндгөвчнөөс гадна дааврын алдагдлаас үүссэн өвчлөлүүдийг эмчлэх чадвартай эмнүүд байдаг. Эм ууж эхлэсэн эхний сар дааврын агууламж агуулсан учраас дотор муухайрах, цусархаг өнгөтэй юм гарах гаж нөлөө байж болно. Эмийг тогтмол нэг цагт тасралтгүй ууж заншвал тохирсон хүндээ сайн нөлөө үзүүлдэг.
- Тавиулсан спираль өрөвсөж шигдэлт үүссэн тохиолдолд яаж авахуулах вэ? Спираль авахуулчихаад хэдий хугацааны дараа дахин тавиулах боломжтой байдаг вэ?
-Шигдэлт үүснэ гэдэг бол эмэгтэйн умайд үрэвсэл удаан хугацаагаар явагдсантай холбоотой байдаг. Энэ тохиолдолд спиралийг заавал авахуулах шаардлагатай. Спиралийг авсан тохиолдолд маш сайн эмчилгээ хийх шаардлагатай. Эмчилгээг сарын тэмдэгийн үедээ хийлгэх бөгөөд эрүүл болсон үедээ буюу дор хаяж хоёроос гурван сарын дараа дахин спираль тавиулах боломжтой байдаг.
-Төрсний дараа сарын тэмдэг ирэх хугацааны хооронд жирэмснээс хамгаалах спираль болон өөр зүйлүүдийг хэрэглэж болдог уу?
- Төрсний дараа сарын тэмдэг хувь хүний биеийн онцлогоос шалтгаалж хэдэн сарын дараа ч ирж болдог. Тиймээс сарын тэмдэг ирээгүй байсан ч дааврын гаралтай жирэмснээс хамгаалах эмийг төрснөөс хойш зургаан сарын дараа хэрэглэ гэсэн заалттай байдаг. Ерөнхийдөө төрснөөс хойш зургаан сарын дараа жирэмснээс хамгаалах зүйлүүдийг хэрэглэж болдог. Ингэхдээ мөн эмчийн үзлэгт хамрагдаж байж өөрт тохирсон зүйлээ хэрэглэх хэрэгтэй.
-Төрсний дараа зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирэх тохиолдол гардаг. Энэ ямар учиртай вэ?
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх олон шалтгаан байгаа. Тухайлбал дааврын алдагдалаас болж өвдөлттэй ирэж болно. Мөн үрэвсэлтэй тохиолдолд өвдөлт өгдөг.
- Спиральтай тохиолдолд тампон хэрэглэж болдог уу?
- Спираль тавиулсан тохиолдолд сарын тэмдэгийн гаралт харьцангуй ихэсдэг. Тиймээс тампон хэрэглэхийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ тампоныг хэрэглэчихээд гаргаж авахдаа спираль хөндөгдөх магадлал өндөр байдаг.
- Эмэгтэйчүүдэд тохиолдоод байгаа нэг том асуудал бол умайн хүзүүний хорт хавдар байгаа. Энэ өвчлөл юунаас үүддэг вэ? Ямар насанд ихэвчлэн тохиолдож байгаа вэ?
- Умайн хүзүүний хавдар монгол эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог. Умайн хүзүүний хавдарыг хөгжил буурай орны өвчин гэж үздэг. Яагаад гэвэл хөгжилттэй орнуудад умайн хүзүүний хорт хавдарын илрүүлэлт эрт хийгдэх боломжтой байдаг. Манай улсад эрт илрүүлэлт нь төдийлөн сайн хийгдэж чадахгүй байгаа. Умайн хүзүүний хорт хавдар заавал урьтал үе шатыг дамждаг. Урьтал үе нь 10-15 жилийн хооронд явагддаг. Энэ өвчлөл үүсэх гээд байгаа хамгийн гол шалтгаан бол хүний папилома хэмээх вирус байдаг. Мөн хувь хүнээс шалтгаалах умайн хүзүүний шархтайгаар удаан хугацаагаар явах, бэлгийн замын халдвартай, үтрээний өрөвсөлтэй удаан хугацаагаар явсан тохиолдолд умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг. Умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлэх хамгийн гол арга бол умайн хүзүүний эсийн шинжилгээ байдаг.
-Умайн хүзүүний хорт хавдар болсон тохиолдолд бүрэн эдгэх үү?
- Хэрвээ хавдар гэсэн онош гарсан тохиолдолд үе шатнаасаа хамаарч эмчлэгдэх үгүй нь тогтоогдоно. Гэхдээ хавдар гэсэн онош гарсан тохиолдолд бүрэн эмчлэгдэнэ гэж хэлж чадахгүй. Харин урьтал эмгэг илэрсэн тохиолдолд эмлэгдэх бүрэн боломжтой.
- Хүсээгүй жирэмслэлтээс болж үр хөндүүлэх тохиолдол ихсээд байгаа. Үр хөндөлт мэдээж олон эрсдлийг дагуулдаг. Тиймээс үр хөндөлтийн үр дагаврыг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
- Үр хөндөлтийн эрсдэлд эхэн үеийн эрсдэл, хожуу үеийн эрсдэл гэж байдаг. Эхэн үеийнх бол үр хөндөлтийн ажилбарын үед халдвар орох, умай цоорох гэх мэт эрсдлийг дагуулдаг. Хожуу үеийн хамгийн гол эрсдэл бол үргүйдэл байдаг. Залуу насандаа хүүхэд хүсэхгүй байна гэж явж байгаад нас тогтсон хойноо хүүхэдтэй болохгүй байгаа тохиолдол маш их байдаг.
- Эмэгтэйчүүдийн дунд мөөнгөцөр маш элбэг тохиолддог. Энэ эмгэг үү?
- Мөөгөнцөр бол ерөнхийдөө элбэг тохиолддог. Эмэгтэй хүн насан туршдаа мөөгөнцөрөөр хамгийн багадаа нэг удаа заавал халдварладаг. Мөөгөнцөр үтрээний бичил орчин алдагдсанаас болж үүсч болдог. Үтрээнд ашигтай нян ашиггүй нян гэж байдаг. Ашигтай нян устаад ирэхээр мөөгөнцөр үүсдэг. Энэ нь антбиотикийн замбараагүй хэрэглээнээс болж устдаг. Эсвэл хувь хүний дархлаа буурахаар мөөгөнцөр үүсч болдог. Эмэгтэй хүнд өөрийн гэсэн үтрээ болон умайн хүзүүний хамгаалалт байдаг. Эдгээр хамгаалалт буурснаар мөөгөнцөрдөх тохиолдол байдаг.
- Сүүлийн үед залуучууд хүүхдийнхээ хүйсийг маш их төлөвлөдөг болсон байна. Ингэхдээ хятад хуалины аргыг их хэрэглэдэг. Энэ нь хэр үр дүнтэй арга вэ?
- Энэ арга нь судалгаагаар батлагдаагүй. Харин практикаас харахад 70 орчим хувийн магадлалтай санагддаг.
- Ярилцлагын төгсгөлд та эмэгтэйчүүдэд хамгийн тулгамдаад байгаа асуудлын талаар зөвлөгөө өгөөч?
- Сүүлийн үед залуучууд гэлтгүй бэлгийн замын халдварт өвчинд насны хязгааргүйгээр өртөх болсон. Бэлгийн замын халдварт өвчин дотроо заг хүйтэн, терхиминаз гэсэн хоёр өвчин маш их тохиолдож байгаа. Энэ өвчин амархан илэрч, эмчлэгддэг. Гэхдээ эмэгтэй, эрэгтэй хүмүүс хоёуулаа эмчлүүлэхгүй бол ямар ч үр дүнгүй болдог. Энэ тохиолдолд эрэгтэй хүмүүс маш хойрго ханддаг.
- Ярилцсанд баярлалаа.
Д.Эрдэнэсолонго
Сэтгэгдэл ( 4 )
Ystoi heregtei mebeelel ugsun emchdee byarllaa
Yun hyatad huanli gej soliorood baina a? Hyatadyn surtalchilgaa ehelchee yu?
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮ө
хятад хуанлиг тавьж өгөөч