Хүний амь эрсдсэн ”Алтай констракшн” зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

Барилгын ослоос болж цэл залуухан хөвгүүд, идэр эрчүүд амь насаа алдсан хэргийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд яг сарын өмнө “Саруул” хорооллын В4 блокийн нэгдүгээр орцон дахь есөн давхарт ажиллаж байсан өрлөгчин залуу амь насаа алдсан билээ. Энэхүү барилгын ажлын гүйцэтгэгчээр “Алтай констракшн” ажиллаж байсан юм.  Үүний дагуу албаны хүмүүс хэрэг гарсан газар очиж  үзлэг, шалгалт хийхэд тухайн үед амиа алдсан залуу нь лифтний хонгилд өргүүр ажиллуулж, есөн давхар луу тоосго буулгаж байх явцад өргүүрийн тросс буюу ган татлага нь тасарнаас болж осолдсон гэсэн дүгнэлт гарсан. "Алтай констракшн"-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй, захиалагч болоод гүйцэтгэгчийн талаас хяналт муугаас болж осол гарсан гэж дүгнэсэн. Амиа алдсан залуу хамгаалалтын малгайгүй ажиллаж байжээ.

Албаныхан ийнхүү дүгнээд акт тогтоогоод явсан ч "Алтай констракшн"-ы хүний амь авч одсон барилгын тоосго өрөгдсөөр байна.

Хэрэг гарсны дараа хуулийн байгууллагаас “Алтай констракшн”-ыг зөрчлөө арилгатал барилгын үйл ажиллагаа явуулахыг зогсоосон юм. Хэрэг гарсан өдрийн маргааш буюу хоёрдугаар сарын 9-нд  “Саруул” хорооллын барилгын ажил явагдаж байсан газар очиход барилгын ажил зогссон байсан  бөгөөд тус газрын манаач “ажилчид амарч байгаа" гэсэн тайлбараас өөр зүйл яриагүй юм.

 

Бид ахин энэ асуудлын явц хэрхэж буйг мэдээллэхээр эргэн сурвалжлахад “Алтай констракшн”-ы барилгын ажил эхэлсэн байсан юм.  Манаачаас нь “Би ажилд ороод хэд л хонож байна. Ер нь барилгын ажил явагдаж байгаа” гэсэн юм. Тухайн барилгын ажил явагдаж буй объектод нэвтрэхэд барилгачид ажиллаж байсан бөгөөд иргэдээс захиалга авч, ажил нь ид өрнөж байв. Захиалга авч байсан байранд цэвэрлэгээ хийж буй үйлчлэгч нараас хэзээнээс барилгын ажил эхэлсэн тухайг асуухад “Барилгачид ажиллаад арав гаруй хонож байна. Амарч байгаад орсон” гэх мэдээллийг өгсөн юм. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон 14 хоногийн хугацаа дуусмагц "Алтай Констракшн" ажилдаа орсон бололтой.

Ингээд “Алтай констракшн”-ы барилгын ажил эхлэх зөвшөөрлийг олгосон тухай  Мэргэжлийн хяналтын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Эрдэнээс тодруулахад ийм тайлбар өглөө.

- Баянзүрх дүүрэгт баригдаж буй “Саруул” хорооллын барилгын үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг өгсөн юм уу?

- Зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь зогсоосон. Өнөөдрийн байдлаар тухай байгууллагаас зөрчлөө арилгасан талаар мэдээлэл ирээгүй.

-Энэ талаар өөр тодорхой мэдээлэл хаанаас авч болох вэ?

- Энэ хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа. Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл авч болно гэлээ.

   Ингээд Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Ё. Лхагвасүрэнтэй утсаар холбогдон “Алтай констракшн”-тай холбоотой хэргийн талаар асуухад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс хүний амь нас хохирсон гээд эрүүгийн хэрэг үүсгэн БЗД-ийн II хэлтэст шалгаж байгаа. Шалгалтын явц үргэлжилсээр байна. Барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудал манай байгууллагатай хамаагүй. Хохирогч  иргэн нь Дорнод аймгийн харьяат 36 эрэгтэй”  байсан гэсэн мэдээлэл өгсөн юм.  

Эндээс үзэхэд "Алтай Констракшн"-ы үйл ажиллагаа явуулах эрхийг хуулийн байгууллагаас сэргээгүй байна. МХЕГ-аас зөрчлөө арилгасан эсэхийг шалгаж байж эрхийг нь сэргээх аж. Гэтэл МХЕГ-аас шалгалт хийгээгүй байхад ийнхүү "Алтай Консторакшн" хууль зөрчин ажлаа хийгээд эхэлжээ. Энэ мэт хуулийг гууль болгодог, шуугиан дэгдэхээр хэвлэлийнхний амыг мөнгөөр хаадаг компаниуд өнөөдөр олширчээ. Хүний амийг хэдхэн цааснаас дорд үздэг, улсын хуулийг улаан мөнгөнөөс доогуурт хардаг эднийг одоо яах вэ? 

Зөвшөөрөлгүй хэрнээ "Саруул" хотхоноо босгохоор улайрч  байгаа "Алтай констракшн"-д ямар нэг хариуцлага тооцооч ээ!

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 03 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top