Согтуу жолоочийг Сингапурт ташуурддаг бол Монголд ”толгойг нь илдэг” байж болохгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

Согтуу жолооч гэдэг хутга барьсан алуурчинтай адил гэх үг бий. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь монголчууд бидний хувьд тамын элч боллоо. Өнгөрсөн жилүүдэд согтуу жолооч нарт авах арга хэмжээ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч хүний алтан амийг хамгаалж, ослоос сэргийлж чадахгүй байна. Бид олон ярьсаар байгаад улиг болчихсон болохоос анхааралдаа авахуйц хамгийн эмзэг сэдэв юм.

  Манай улсын статистик судалгаанаас харахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолооч тутмын ес нь зам тээврийн осол гаргадаг гэсэн мэдээ байна. 2014 оны эхний 10 сарын байдлаар Улаанбаатар хотод 23541 жолооч эрхээ хасуулсан үедээ буюу эрхээ сэргээгүй байх үед дахин машин жолоодсон байна. Үүнээс 21581 нь зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан, 3887 нь шүүгчийн захирамжаар 7-30 хоног баривчлагдсан байна. Тэгэхээр 3887 аав, өрх гэрийн тэргүүн бодлогогүй үйлдлээсээ болж, орон гэртээ хонож чадахгүй хоригдсон байна гэсэн үг. Харин согтуугаар машин барих үедээ осол аваар гаргасан тохиолдол 723 бүртгэгдсэн байна. Мөн 249 явган зорчигч согтуу явах үедээ зам тээврийн осолд өртжээ. Энэ нь нийт зам тээврийн ослын ихээхэн хувийг эзэлдэг байна. 

Дэлхийн ихэнхи оронд согтуугаар машин барьсан бол баривчлах арга хэмжээ авдаг. Харин манайд бол эрхийг нь хасаад л болчихдог. Өөрийнхөө бас хүний амийг авч болох болчимгүй үйлдэл хийсэн хүнд арай л хөнгөдөөд байна.  Машиныг нь журмын хашаанд хийж, жолоо барих эрхийг нь зургаан сараас 2 жилийн хугацаагаар хасдаг. Маргаашнаас нь журмын хашааны мөнгөө төлөөд л машинаа авчихдаг. Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явбал хэд хоног баривчлаад тавьчихна. Ерөнхийдөө ингээд л гүйцээ. Энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулбал бараг байхгүйтэй адил шийтгэл. Дараа давтахгүй болтол нь, хийсэн үйлдэлдээ гэмштэл нь хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.

Монгол Улсын согтуу жолоочоос болж гардаг ослын тоогоороо нэлээд дээгүүрт бичигддэг ч авдаг арга хэмжээ нь арай л сул байна. Доорх хүснэгтээс харахад Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудад 15 хоног баривчилж, согтуу жолоо барьсан этгээдийн яс, маханд нь ойлгуулж өгдөг аж. Харин Сингапурт бол бүр жинхэнээсээ маханд нь мэдрүүлдэг байна. Сингапурт зургаан сар жолоо барих эрхээ хасуулахаас гадна “үхлийн” ташуурын амтыг заавал үзнэ. Гадны иргэдийг ч хамаагүй энэхүү ташуураар ороолгож шийтгэдэг энэ зарчим сингапурчуудын зүрхэнд орсон байдаг. Тиймдээ ч тус улсад согтуугаар жолоо барих тохиолдол маш бага байдаг аж.  

 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн эрхийг насаар нь хориглодог орон ч бий. Мөн унаж яваа машиныг нь хурааж аваад, дуудлага худалдаанд оруулж, улсын орлого болгодог аж. ОХУ-ыг жишээ татая. Тус улсад саяхнаас  мөрдөж эхэлсэн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эрүүгийн хуулиар шийтгэх заалт орсон аж. Мөн шинэ хуулиар торгуулийн хэмжээ 200-300 мянган рубль буюу 2700-4100 ам.доллар болж нэмэгджээ. Түүнчлэн эхний удаа согтуугаар машин жолоодвол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг доод тал нь хоёр жил хасах бөгөөд нэг жилийн дотор дахин дээрх зөрчлийг гаргавал торгууль төлөөд зогсохгүй 480 цаг олон нийтийн ажил хийх шийтгэл хүлээх юм байна. Үүний зэрэгцээ зам тээврийн ослын хохирлын хэмжээнээс хамаарч 2-9 жилийн хорих ялаар шийтгэхээр болжээ.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь битгий хэл машин унаж яваа үедээ архи, шар айраг уух тухай бодож ч чадахааргүй яг ийм хатуу хууль манайд ус агаар мэт хэрэгтэй байна. 

Хамгийн сүүлийн мэдээллээр согтуу жолоочийн эрхийг хасахаас гадна 1.3 сая төгрөгөөр торгох тухай яригдаж байна. Ядаж л энэ санаа нь хэрэгжээсэй. Ирээдүйн эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд жолооч нар ч бас архинаас татгалзаасай.

А.Алтантуяа 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(103.229.122.103) 2015 оны 03 сарын 10

Ondor bolgoh nuuts genuu Bitgii shaa za

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 03 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top