З.Цэрэндорж: Монгол Улсын хэрэгцээнээс илүү усны нөөц олсон

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Оюутолгой, Тавантолгойд цэвэр биш саарал ус ашиглахыг шаардах хэрэгтэй

Говийн бүсийн усны нөөц, хэрэглээний талаар Геологийн ухааны доктор З.Цэрэндоржоос тодрууллаа.

-Манай улс хичнээн орд усны нөөц одоогоор илрүүлээд байгаа вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрээс ойролцоогоор 300-гаад газрын доорх усны ордыг илрүүлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсын хэрэгцээнээс илүү хэмжээний усны нөөц олчихоод байгаа. Ер нь яваандаа манайх газрын доорх усны нөөцийг ариг гамтай хэрэглэх нь зүйн хэрэг. Өнөөдөр говийн бүс нутаг л гэхэд газрын гүний усныхаа гуравны нэгт хүрэхтэй үгүйтэйг л хэрэглэж байна.  

-Говийн бүсийн аймгууд хэдэн жилийн усны нөөцтэй байна вэ? Уул уурхайн компаниуд усны нөөц багасахад их нөлөөтэй байх? 

-Говийн бүсийн том том лицензийн сав газруудад усны хуримтлал байгаа, тэр хурамтлалуудын нөөцийг шинжлэх ухааны арга аргачлалаар бодоход хагасыг нь л бид нар ашиглана. Нэг стакан ус байлаа гэхэд хагасыг нь л ашиглана гэсэн үг. Түүнээс цааших нь өөрөө байгалийн журмаар нөхөгдөнө. Бүр болохгүй бол гадаргын усаар нөхөж болно. Ер нь Оюутолгой, Тавантолгой, Ухаахудаг гээд говийн уурхайнууд хайгуул судалгааны ажил явуулаад 30-аас доошгүй жил хэрэглэж болохоор усны нөөцийг олчихсон байгаа. Үүний дараа Орхон говь, Хэрлэн говийн ус орж ирэхэд тэр усаар үйлдвэр ахуйн хэрэгцээний усыг хангахаас гадна  хэрэглэсэн усныхаа нөөцийг буцаж сэргээх, сэлбэх боломжууд байдаг. Тийм учраас усны нөөцийн асуудалд санаа зовох зүйл байхгүй.

-Дээрх уул уурхайн компаниуд саарал усыг ашиглах боломж, нөхцөл байгаа юу?

-Уул уурхайд саарал усыг хэрэглэсэн газар байхгүй. Саарал ус гэдэг нь ахуйн хэрэглээний ус. Түүнийг цэвэршүүлээд унд, ахуйд биш үйлдвэрт хэрэглэж болох юм. Жишээлбэл, говьд ажиллаж байгаа нүүрсний уурхайнууд хэрэглэх боломжтой. Оюутолгой, Тавантолгой зэрэг том уурхайнуудад саарал усыг ашиглах шаардлага тавих хэрэгтэй

Б.Мяасүрэн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(43.242.243.43) 2015 оны 03 сарын 18

Us bol alt zes almaz uur yu bdagiin ymar ch erdenestei haritsuulashhgui chandman erdene bilee. heregtseenees iluu nuutstei gedeg mash shn medee bn. gehdee l usaa hairlaj gamnah heregtei

0  |  0
Top