Жирэмсний үеийн сэвх, түүнийг арилгах нь

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Эмэгтэй хүн бие давхар үедээ хамгийн сайхан харагддаг гэдэг. Гэхдээ бодит байдал дээр царай зүс тань нэг л өнгөө алдсан мэт харагдаад, үс тань унаж, сэвх толбо, язралт зэрэг асуудлууд таныг хямрааж байна уу? Тэгвэл та хэдэн хором наашаа анхаарлаа хандуулна уу
!!!
  Энэ бол ээж болж буй эмэгтэй хүн бүрт их бага хэмжээгээр тохиолддог л зүйл. Жирэмсний үед нүүрэнд бий болсон сэвх төрсний дараах хэдэн сарын дотор аажим арилдаг. Ерөнхийдөө сэвх толбо нь арьсанд нарны туяа тусах үед арьс өөрийгөө хамгаалахын тулд меланин ялгаруулж эхэлдэг ба энэ пегмент нь яваандаа өнгөн арьс руу гарч ирдэг. Арьсны солилцоо сайн үед энэ нь хуулагдан унадаг боловч тийм биш бол арьсанд үлдэж сэвх толбо болон үлддэг. Энэхүү арьсны нөсөөжилтийн өөрчлөлт буюу сэвх нь ихэвчлэн таны арьсны нөсөөжилтийг нэмэгдүүлдэг меланинийг ялгаруулахаа болих үед болон дааврын түвшин хэвийн болох үед арилах юм. Хэрэв төрсний дараах үед эстроген агуулсан жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэвэл багасаж байсан арьсны нөсөөжилт эргэн тодорч эхэлдэг байна. Энэ нь тэр чигтээ тогтож үлдэх нь ч бий. 
Сэвхийг багасгахын тулд бүсгүй та юу хийж чадах вэ?
Арьсны өөрчлөлт тань эргэж хэвийн байдалдаа орох хүртэл нарны туяанаас аль болох хол байх хэрэгтэй. Иймд нарны тос, саравчтай малгай, урт ханцуйтай цамц зэргийг мартуузай. Мөн гудамжаар алхах, машинаар явах, цонхны ойролцоо суух үед нарны хэт ягаан туяа арьсанд ихээхэн нөлөөлдгийг АНУ-ын арьсны эмгэг судлалын академиас анхааруулсан байдаг. Ялангуяа өглөөний 10-14 цагийн нарны туяанд гарахгүй байхыг хичээгээрэй. Нүүрний тос, цэвэрлэгчийн хувьд арьсыг цочроохгүйн тулд зөөлөн үйлчилгээтэйг сонгох хэрэгтэй. Орчин үед лазераар сэвх толбо арилгах нь хамгийн хурдан, үр дүнтэй аргад тооцогдож байна. 
Гэрийн нөхцөлд сэвх арилгах аргууд:
  Нимбэг, жүрж, ногоон нимбэгний шүүс нь сэвх арилгахад хамгийн сайн. Эдгээр жимснүүдийн алиных нь ч шүүсийг бага зэргийн тарагтай хольж хутгаад даавуунд шингээн маск хэлбэрээр нүүрэндээ тавиарай. 15-20 минутын дараа маскаа авч нүүрээ хүйтэн усаар зайлна. Таны сэвхийг бүдгэрүүлэхэд бага ч гэсэн туслах болно.
 
Мөн лууван ашиглаж сэвхээ арилгаж болно. Лууван нь цайруулах бодис агуулж байдаг. Нэг ширхэг лууван аваад түүнийгээ үрж ямар нэгэн нимбэгний шүүсээр зууралдуулж хутгана. Сайтар хольсны дараа нүүрэндээ жигд түрхэх юм. Энэ арга нь сэвх бүдгэрүүлэхээс гадна хар батга арилгалгахад тустай. 
Эцэст нь зөвлөхөд та нартай ч бай, наргүй ч бай заавал арьсаа хамгаалах тос түрхэх хэрэгтэй шүү!!!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top