Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш иргэд бүхий л зүйлийг зээлээр авах боломж бүрдсэн. Арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард. Бэлэн мөнгө цуглуулж, хуримтлал үүсгэж чадахгүйгээс хойш өр тавьж эд хөрөнгөтэй болсон нь дээр гэх иргэд олон болжээ. Манай улсад зээл олгодог хэд хэдэн төрлийн байгууллага бий.
Хамгийн зардал чирэгдэл багатай ч хамгийн шуурхай үйлчилгээтэй нь мөнгө хүүлэгчид. Тэд хамгийн уртдаа нэг сараас 7 хоног хүртэл мөнгө зээлдүүлдэг бөгөөд хүү нь 7-12 хувь. Үүнийг хууль бус, хэт өндөр хүүтэй зээл гэж үзэж өндөр хүүг дур мэдэн зарласан тэдэнтэй хуулийн хүрээнд тэмцэх шаардлагтайг зарлаад буй.
Харин үүнтэй адилхан өндөр хүүтэй зээлийг бид мөнгө хүүлэгчээс биш гар утаснаасаа авч байгаагаа анзаарахгүй явсаар байна. Үүрэн телефоны операторууд мөнгө хүүлэгчидтэй адил 10 хувийн хүүтэйгээр нэгжийн зээл өгдөг нь иргэдийг бага багаар шулж, мөлжсөөр байгаа хэлбэр.
Нэгжийн зээлийн үйлчилгээг авсан хэрэглэгч нь дансаа нэгжээр цэнэглэхэд зээлсэн нэгж нь 10%-ийн хүүгийн хамт суутгагдана. Энэ бол мөнгө хүүлэгчийн жишгийг дагасан цорын ганц үйлчилгээ.
Дээрх дөрвөн операторуудын үйлчилгээнд үнийн асуудлаар шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Нийт хэрэглэгчдийн 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлж байгаа бөгөөд тэд бүгд зээлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. Үнээс харвал давхардсан тоогоор 3,5 сая хүн дээрх өндөр хүүтэй зээлд их бага хэмжээгээр хамрагддаг гэсэн үг. 2014 оны эцсийн байдлаар хэрэглэгчдийн тоо 4,247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр байна. Тиймээс үүрэн телефоны компани байгуулах нь хамгийн ашигтай бизнес.
Хэрэглэгчид нэгжгүй болсон тохиолдолд заавал үйлчилгэний салбар, гэрээт борлуулагч руу очих шаардлагагүй. Нэгжийн зээлийн үйлчилгээг ашиглахад хялбар, нэгжийн зээлээ төлсөн нөхцөлд сард хэдэн ч удаа ашиглах боломжтой, цаг завыг хэмнэнэ. Харамсалтай нь ийнхүү мөнгө хүүлэгчийн хүүнээс давсан байгаа нь хэрэглэгчдийг шулж байгаа нэг баримт. Гэвч дээрх компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага ч гэж алга. Нэгжийн зээлийн өндөр хүүг байх ёстой мэт бодсоор дасал болж яг энэ мөчид ч хэдэн мянгаараа зээл авч шулуулсаар байгаа нь гарцаагүй.
Энэ тухай ямар нэг хууль журам байдаггүй. Иргэд гомдол гаргадаггүй учир ШӨХТГ-ч шалгадаггүй. Ийм хуулиас гадуур, иргэдийг шулсан үйлчилгээ эзэддээ илүү ашиг авчирсаар байна. Энэ талаар ШӨХГ-ын мэргэжилтнээс тодрууллаа.
-Нэгжийн хэрэглээ, зээлийн хүү тэдэн хувь байх ёстой гэдэг нарийн зохицуулалт манайд байхгүй-
- Хэрэглэгчдийн дунд нэгжийн зээлийн хүү хэтэрхий өндөр байна гэсэн шүүмжлэлтэй байдаг. Энэ тал дээр ШӨХТГ-аас ямар нэг зохицуулалт хийх боломжтой юу?
-Манай байгууллагын хувьд хэрэглэгч, аж ахуй нэгжүүдийн гаргасан гомдлын дагуу хяналт шалгалт хийдэг. Яг одоохондоо нэгжийн өндөр байна гэсэн асуудлаар гомдол гаргасан хэрэглэгч байхгүй байна. Хэрвээ ирсэн тохиолдолд төрийн хяналт шалгалтын хууль, өрсөлдөөний тухай хуулиараа зохицуулагдаад хариу өгдөг байгаа. Өнөөдрийн хувьд нэгжийн хэрэглээ, зээлийн хүү тэдэн хувь байх ёстой гэдэг нарийн зохицуулалт манай улсад байхгүй. Тухайн оперотерууд өөрсдөө зохицуулаад явж байгаа.
-ШӨХТГ-аас хэтийдсэн ийм асуудалд өөрсдийн ажиглалтын дагуу ямар нэг хяналт тавьдаггүй гэж ойлгож болох уу?
-Бид хэрэглэгчийн гомдол ирсэн үед л хяналт, шалгалтынхаа ажлыг явуулдаг. Давамгай байдалтай аж ахуй нэгжүүдийн үнэ дээр зохицуулалт байгаа. Тэгэхээр хүмүүсээс гомдол ирэх юм бол энэ талаар судалж үзнэ. Давамгай байдалтай аж ахуй нэгжүүдийн үнэ дээр зохицуулалт байгаа. Тэрнээс бол давамгай юм уу зүй ёсны монополь биш аж ахуй нэгжүүд дээр үнийн талаар зохицуулалт байхгүй. Зөвхөн зүй ёсны монополиор тогтоогдсон аж ахуй нэгжүүдийнхээ үнэ дээр зохицуулалт хийж явдаг байгаа. Давамгай компаний хувьд өрсөлдөгчөө хясан боогдуулах, зах зээлээс шахах байдлаар тодруулбал хамгийн бага үнэ тогтоох эсвэл 100 хувь монополь компани байлаа гэхэд өндөр үнэ тавьж байна уу үгүй юу гэдэг дээр л манайх хяналтаа тавьж явна.
Харилцаа холбоо хөгжсөн өнөө үед гадны улс оронд өдөр дутмын хэрэглээг аль болох хямд, хэрэглэгчидээ шулсан байдлыг хязгаарладаг байхад манайд мэдэх байгууллага, гомдол гаргасан хэрэглэгч байхгүй байгаа нь иргэдийг өндөр хүүтэй өржүүлсэн операторуудыг улам ч толгойг нь илсэн явдал болж байна.
Сэтгэгдэл ( 0 )