Гүйлтийг алхалттай хослуул

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 06
Сүүлийн үед монголчууд гүйлтээр хичээллэх нь нэмэгдэж байна. Тэгвэл гүйлтээр хичээллэж, биеэ чийрэгжүүлэхийн тулд гүйлтийг зөв, системтэй, аажмаар ачааллыг нэмэгдүүлэх маягаар хийх хэрэгтэй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тохирсон ачаалалтай гүйвэл гүйлтийн ашиг тус гарна. Мэдээж эмчийн зөвлөгөө авч, зөвшөөрсний үндсэн дээр гүйлтээр хичээллэх нь зөв.

Гүйж явахдаа гүйлтийнхээ дараа биед гарч буй элдэв өөрчлөлтийг ажиглаж байх нь зүйтэй. Гүйхээсээ өмнө гүйлтийн үед хөдөлгөөнд оролцдог гимнастик, дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй.

Өдөр болгон гүйгээд хэрэггүй. Гүйх, алхахыг хослуулах нь илүү үр дүнтэй. Нилээд хэдэн сар алхалтандаа сайн дасч, ядралгүй, төвөггүй хурдан явдаг болсон үедээ аяархан гүйж, яваандаа гүйх зайгаа нэмж, алхах зайгаа багасгасаар байнга гүйдэг болно. Гүйх хурд ямар ч үед тогтмол байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл өөртөө таарсан хурдаа битгий өөрчлөөрэй. Ийм маягаар долоо хоногт 3-4 удаа 30-60 минут гүйвэл эрүүл мэндээ бэхжүүлэхэд тохиромжтой ачааллыг хангалттай авна гэсэн үг.

Гүйхээс өмнө заавал сунгалтын дасгал буюу шагайн үеэр эргүүлэх, их биеийг сунгах, тэнийлгэх зэрэг хөдөлгөөнийг заавал хийх хэрэгтэй. Энэ нь ямарваа нэгэн бэртэл гэмтлээс сэргийлэхээс гадна энерги хурдан нөхдөг байна. Сунгалтын дасгалыг гүйхээс өмнө буюу төгсгөлд нь заавал хийж хэвших хэрэгтэй.

Гүйхдээ биеэ урагш налуу түрсэн байрлалтай, хөнгөн, биеэ чангалалгүйгээр амьсгалаа хоёр сороод, нэг гаргах буюу хоёр сороод, хоёр гаргах зэргээр хуваарилбал зохино. Гүйлтийг эхлэхдээ аажмаар алхмаа уртасгаж, шогшиж гүйнэ. Биеэ эгц шулуун, гэдсээ бага зэрэг татсан байрлалд сул чөлөөтэй байлгах нь чухал. Ингэснээр ууц нуруу бэхжиж, хөл чийрэгжин, ядрахгүй байх болно.

Байрандаа буюу богинохон зайд хурдтай гүйлт хийж, өөрийн биеийн байдлыг мэдрэх хэрэгтэй. Хэрэв бие чинь хөнгөн байвал заавал холын зайд удаанаар гүйх шаардлагагүй, алхалт, гүйлтийг богино зайд хослуулан хийж болно.

Гүйлтийг дуусгахдаа гэнэт зогсож болохгүй, гүйлтээс алхалтад шилжиж, гимнастикийн дасгалаар дуусгах хэрэгтэй. Тогтмол гүйвэл таны судасны хананд үзүүлж буй байнгын даралт нь түүнийг уян налархай болгож, агших чадварыг нэмэгдүүлснээр цусны эргэлт сайжирна.

Гүйлтийн хөтөлбөр

 

Анхаарах зүйл:

Алхалт-гүйлт нь эрүүл мэндийг бэхжүүлэх хэрэгсэл мөн боловч буруу хэрэглэвэл амь насанд хүрч болзошгүй.

Бие эрүүл боловч удаан хугацаанд дасгал хөдөлгөөн хийгээгүй хүмүүс, ахмад настнууд аажим, зөөлөн алхалтаар эхлэх хэрэгтэй.

Гүйхэд хөлс их ялгардаг учир ус сайн ууж байх учиртай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top