Улаанбурхны сэжигтэй тохиолдол 15692 болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 15

Монгол Улсын хэмжээнд улаанбурхан өвчнөөр 15692 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 750 нь лабораторийн шижилгээгээр батлагджээ.
 
Харин 2795 нь эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр бүртгэгдсэн байна. Улаанбурхан нь халууралт,амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Ихэвчлэн таваас бага насны хүүхдүүд болон 20-иос дээш насныханд элбэг тохиолдож байгаа бөгөөд вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар агаарт цацагдан тархаж, өнгөрөх төдийд л халдвар авах боломжтой аж.

Улаанбурхны халдвар авсан хүн 1-4 өдөр өндөр температуртай халуурдаг. Мөн бие сулрах, цочромхой, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, нойр хямрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүний хөл хөдөлгөөн ихтэй газар амны хаалттай явах, гэрт болон албан байгууллагад өвчтэй хүн байвал эрт тусгаарлаж, чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалт сайн хийх хэрэгтэй.
 
Хэрвээ халууралт тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, Яаралтай тусламж дуудаж, үзүүлэх боломжтой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.72.246.106) 2015 оны 06 сарын 16

Манай улсын эрүүл мэнд болон боловсролын салбар навс унажээ

0  |  0
Top